Туслах цэс

Онцлох брэнд

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал 2020 оны тавдугаар сарын 1-нд агаарын хөлгүүдээ хүлээж авна



Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал 2020 оны тавдугаар сарын 1-нд агаарын хөлгүүдээ хүлээж авна

Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чухам яагаад агаарын хөлгүүдээ хүлээж авахгүй удаашраад байна гэсэн хүлээлт бий болсоор удсан. Олон нийтийн энэ хүлээлт ч оргүй зүйл биш. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улсад Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж өгч байгаа. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар.Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолой, 21 агаарын хөлгийн зогсоолтой. Нисэх зурвас нь 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой аж. Шинэ онгоц буудлыг даган босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Тиймээс 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөжээ. Энэ ажлын дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа эхлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ.

Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 28-ны хуралдаанаараа “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн нөхцөлөөр Монгол-Японы хамтарсан компаниудтай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Жапан эйрпорт менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д тус тус шилжүүлсэн.Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такаяо нар гарын үсэг зурсан юм. Уг гэрээ нь 15 жил хэрэгжих бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлыг ханган шинэ нисэх буудлын ажлыг албан ёсоор эхлүүлэхээр болсон.

Ийнхүү менежмент эхэлсэнээр шинэ нисэх буудал нь Ази тивдээ нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент, ноу-хау, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх юм. Ингэснээр нислэгийн урсгал, зорчигчид нэмэгдэн далайд гарцгүй манай улсын хувьд олон улстай холбогдох, цаашлаад аялал жуулчлал хөгжих чухал ач холбогдолтой. Концессын гэрээний дагуу олон улсын агаарын хөлгүүд ирэх оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд Хөшигийн хөндийд нисэж, бууж байх нь.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.