Туслах цэс

Онцлох брэнд

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ



Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслөөр Сайншанд сумын хоёрдугаар багт хоногт 3000м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил эхэллээ.

Барилгын ажлыг Туркийн “Эйч Эн Си” ХХК барихаар тендерт шалгарсан бөгөөд 2020 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өмнө нь ашиглаж байсан цэвэрлэх байгууламж 1986 онд ашиглалтад орсон бөгөөд тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс шалтгаалан 1993 оноос технологийн дагуу ажиллах боломжгүй болсон юм. Өнөөдрийг хүртэл 26 дахь жилдээ бохир усыг шингээх даланд татан төвлөрүүлж байгальд хаясаар ирсэн байдаг. Цэвэрлэх байгууламжашиглалтад орсноор хоногт 1000м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ. 

Мөн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн төвлөрсөн бохир усыг шинээр барих цэвэрлэх байгууламжид 4,4 км шугамаар холбосноор Сайншанд сум нэгдсэн нэг цэвэрлэх байгууламжтай болно.

Барилгын ажлын шав тавих ёслолд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, “Эйч Эн Си” ХХК-ийн төлөөлөл болон Зүүнбаян тосгоны ард иргэд оролцов.

Зүүнбаянгийн усан бассейныг сэргээн засварлана

Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгонд байрлах Монголын хамгийн задгай усан бассейныг "Доншен Газрын тос Монгол" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 онд сэргээн засварлахаар боллоо.

Харин ажлын гүйцэтгэгчээр "Миний Сайншанд" ХХК ажиллана. Бассейныг нефтийн үйлдвэрт ажиллаж байсан оросууд монголчуудтай хамтран барьсан бөгөөд монгол, орос хүмүүс амралтын өдрөөр ирж усанд сэлдэг байв.

Түүх сөхвөл, улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд энд болоход Зүүнбаянгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тлехан, Андрeй гэх орос нэртэй монгол хүү Орост бэлтгэгдсэн мэргэжлийн усанд сэлэгчдийг ардаа орхин  түрүүлсэн ч насанд хүрээгүй  шалтгаанаар  хоеуланг нь  байр ухраасан  сонин түүхтэй.

Иргэдийн хөгжлийн төвийг бүх багт барина

Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, засаг захиргааны анхан шатны нэгж багийн төвийг бэхжүүлэх зорилгоор орон нутгаас “Иргэдийн хөгжлийн төв”-ийг бүх багт барих ажлыг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 2017, 2018 онд Сайншанд сумын I, II, VI, VII багт “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад оруулсан бол 2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын III багт “Иргэдийн хөгжлийн төв”-ийг “Энержи парагон” ХХК, V багт “Иргэдийн хөгжлийн төв”-ийг “Өгөөмөрөн шанд” ХХК тус тус гүйцэтгэгчээр шалгарч барилгын ажлыг эхэлжээ.

“Иргэдийн хөгжлийн төв”-д багийн Засаг дарга түүний ажлын алба, багийн ИНХ-ын танхим, хэсгийн цагдаа болон Өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж  иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: montsame


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.