Туслах цэс

Онцлох брэнд

Барилгын хогийг ангилан ялгаж, дахин ашиглана



Барилгын хогийг ангилан ялгаж, дахин ашиглана

-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн стандарт болон техникийн зарим баримт бичгийг шинэчилж байгаа юм билээ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Нийслэл, аймаг, сум, суурингуудын газар хөдлөлийн бичил мужлалын зураглалыг шинэчилж байна. Уг ажлыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид гүйцэтгэж буй. 2017 онд 12 аймаг, нийслэлийн зарим дүүргийн бичил мужлалын зургийг боловсруулж, барилгын норм, дүрэмд тусгасан. Энэ жил үлдсэн есөн аймаг, дүүргийн зургийг боловсруулах гэрээ байгуулсан. Ашиглалтын шаардлага хангаагүй барилга байгууламж газар хөдлөлтийг тэсвэрлэх, эсэхийг үнэлэх норм, норматив манай улсад дутмаг байсан. Өөрөөр хэлбэл, хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар гэсэн ганцхан бичиг баримт бий. Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран үүнийг шинэчилж, Барилга, хот байгуулалтын сайд өнгөрсөн сард баталлаа. Үүнд барилгын газар хөдлөлтөд тэсэх, эсэхийг үнэлэх, хүчитгэх аргачлалыг багтаасан. Удахгүй олон нийтэд сурталчилна. Уг ажилд Японы мэргэжилтнүүд оролцож, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх туршлагаа манай орны байгаль, цаг уур, барилгын онцлогт тохируулан нутагшуулсан.

-Барилгын салбарт сүүлийн жилүүдэд олон шинэ технологи нэвтэрч буйтай холбоотойгоор шинэчлэх шаардлагатай норм дүрэм цөөнгүй байх.

-Барилга, байгууламжийн норм, нормативын сангийн жил бүрийн төлөвлөгөөнд суулган, төсвийн суурь нормуудыг шат дараатай шинэчлэн боловсруулж байна. Жишээлбэл, барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан. Үүнийг шинэчлэхээр яамныхан ажиллаж байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилга “царцах”-аа болино. 2009 онд баталсан тарифыг өдгөө инфляц болон бусад хүчин зүйлтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ онд мөн норм, нормативын ерөнхий тогтолцоог шинэчилж буй. Үүнийг шинэчлэн баталсны дараа тодорхой ярих нь зүйтэй байх.

-Сүүлийн үед Улаанбаатар хотын, ялангуяа голын ойролцоо барьсан барилгад хөрсний ус нэвчих болсонд иргэд нэлээд бухимдаж байгаа. Үүнийг шийдвэрлэх арга бий юү?

-Хур тунадас их унаснаас сүүлийн жилүүдэд барилга байгууламжид хөрсний ус нэвчих болсон. Үүнийг бид нэг талаас байгалийн хүчин зүйлийн нөлөө, нөгөө талаас хүний үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэж байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхээр яамны зүгээс энэ чиглэлээр судалдаг эрдэмтэн, судлаач, төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах болсон. Хэлэлцүүлгийн дараа авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна. Эхний ээлжинд барилгын гидрогеологийн горимын судалгааны хяналт, шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ бий болгох ёстой. Уг судалгаанд үндэслэж хөрсний ус зайлуулах нэгдсэн байгууламж барих ёстой. Хотын ус зайлуулах байгууламжийг хэсэгчилсэн байдлаар барих шаардлагатай. Энэ нь гадаргын болон хөрсний усыг зайлуулах ач холбогдолтой. Улаанбаатар хотод Туул, Сэлбэ, Дунд гэсэн гурван том гол байна. 

Голуудын ойролцоох барилгуудад ус зайлуулах байгууламж нэн шаардлагатай. Үүнээс гадна хяналтын цэг бий болгож, усны түвшнийг ажиглах ёстой. Хэлэлцүүлэг хийх замаар оновчтой бодлого боловсруулж, дээр дурдсан ажлуудын үр дүн гарна.

-Барилгын салбарт аюулгүй ажиллагаа маш чухал. Гэтэл манай улсад энэ талын дүрэм, журам хэрэгжихгүй байна гэх шүүмжлэл нэлээд гардаг.

-Нэг үеэ бодоход манай салбар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чадварлаг боловсон хүчинтэй болсон. Гэсэн ч шүүмжлэлтэй асуудлууд гарсаар байна. Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид бригадын ахлагч болох хувь хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг тухайн иргэн хариуцна гэж тусгадаг. Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т төсвийн байгууллага нь тухайн жилийн төсвийнхөө 0.5, аж ахуйн нэгж эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлынхаа 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулна гэж заасан байдаг. Тиймээс хөрөнгө оруулагч, захиалагч байгууллагууд эл асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэй. Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн инженерт хариуцуулж, цалгардуулдаг нь үйлдвэрийн осол буурахгүй байгаагийн нэг шалтгаан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуульд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгдөггүй, гарын үсэг зуруулах төдийхнөөр хязгаарладаг, ажилтандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас, хамгаалах хэрэгсэл олгодоггүй зэрэг зөрчил цөөнгүй гардаг. Энэ мэт зөрчлийг таслан зогсоох үүднээс Барилга, хот байгуулалтын яамнаас санаачлан Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвтэй хамтран 2017 оны зургадугаар сараас “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. 

Мөн Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолын хавсралтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг боловсруулсан. Үүний хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар байгууллагын удирдлагуудад сургалт явуулж буй. Түүнчлэн орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерүүдийг хамруулсан зөвлөгөөн, сургалт тогтмол зохион байгуулж байна.

-Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрөөс дорвитой арга хэмжээ авч байгаагийн үр дүнд барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдсэн. Жишээлбэл, цементийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж эхэлсэн. Цаашид ОХУ руу экспортлох ч боломжтой. Уралаас манай улс хүртэл цементийн үйлдвэр байдаггүй юм билээ. Тиймээс бид Буриад, Эрхүү, Новосибирскийн төлөөлөлтэй уулзаж хамтарч ажиллах боломжийг судлахаар болсон. Манай цементийн үйлдвэрүүд ОХУ-ын компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг. Жишээлбэл, МАК, “Монцемент”, Хөтөлийн “Цемент шохой” компани ОХУ руу цемент экспортолдог. Гэвч их хэмжээгээр нийлүүлж чадахгүй байна. Тиймээс яамнаас бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Манайд одоогоор хамгийн дутагдалтай нь ган туйвангийн үйлдвэр. Улсын хэмжээнд жилд 250-320 мянган тонн арматур шаардлагатай байдаг. Орхон аймаг дахь “Бэрэн” компанийн үйлдвэрийг ашиглалтад оруулаад, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад жилд 150 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь дотоодын хэрэгцээний 50 хувийг хангана гэсэн үг. Бусад төрлийн барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж, технологио сайжруулж байна. Жишээлбэл, дулаан тусгаарлах, ханын дүүргэгч, хаалга, цонхны олон үйлдвэр дэвшилт технологиор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.

-Барилгын хог хаягдлыг боловсруулж, дахин ашиглахад анхаарч байгаа юу?

-Хог хаягдлын тухай хуулиар салбар бүр хог хаягдлын журам боловсруулан, мөрдөж ажиллах үүрэгтэй. Манай салбар Барилгын хог хаягдлын менежмент, ашиглалтын дүрмийн MNS BS 5906:2015 стандартыг энэ онд батлуулсан. Уг стандартад барилгын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, тээвэрлэлтийн талаар тусгасан. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах талаар бид ярьж байна. Манай улс шил үйлдвэрлэж чаддаггүй. Гэтэл барилгын хог дотор их хэмжээний шил байдаг. Байгальд удаан задарч, шингэдэг энэ хаягдлыг дахин ашиглаж, импортоор худалдан авах шилний хэмжээг бууруулахаар төлөвлөж буй.

 

 

 

 

Эх сурвалж: http://unuudur.mn/ /Өнөөдөр сонин/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.