Туслах цэс

Онцлох брэнд

Нүүрс тээврийг зогсоож, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв



Нүүрс тээврийг зогсоож, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв

Улсын онцгой комисс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах шийдвэрийг гаргалаа. 

 

Нэгдүгээрт, Эрүүл мэндийн сайдаас гаргасан саналын дагуу шинэ коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлж Монголын уламжлалт сар шинийн баярыг нэг удаа тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаарх саналаа Ерөнхийлөгчид танилцуулснаар, зарлиг гарна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо. БНХАУ-ын хувьд, цагаан сарын баярын үеэр шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээг дорвитой хэрэгжүүлж чадаагүйн улмаас өвчний тархалтыг хянаж чадахгүйд хүрсэн гэдгийг тэмдэглэв. 

 

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн салбарт нэн хэрэгцээтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2020 оны баталсан төсвийн хүрээнд зохицуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Дэлхий нийтэд ховордоод байгаа термокамерын төхөөрөмжийг шуурхай судалж худалдан авахыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдад үүрэгдлээ.

 

Гуравдугаарт, гуравдагч орноос БНХАУ-аар дамжин ирж буй Монгол Улсын иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийг тусгайлан бэлтгэж коронавирусний сэжигтэй тохиолдол гарах үед бэлэн байлгах, шаардлагатай үед Асралт мед эмнэлэг, ОБЕГ-ын давтан сургалт сэргээн заслын төвийг нөөцөд байлгахыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, ОБЕГ-ын даргад даалгалаа. 

 

Мөн хилийн Замын-Үүд сумын 100 ортой, Сайншанд сумын 50 ортой шинээр ашиглалтад орсон эмнэлгийн гэрээг яаралтай хийж, улсын комисст хүлээн авах санхүүжилтийг Улсын онцгой комисст танилцуулах, улмаар улсын хилээр нэвтэрч байгаа иргэдийг тус эмнэлэгт түр тусгаарлан байрлуулахыг үүрэг болгов.

 

Дөрөвдүгээрт, 2020 оны 3 дугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглохыг ЗТХ-ийн сайд, УУХҮ-ийн сайдад даалгав. "Гашуунсухайт боомтоос 130-190 км-ийн цаана коронавирусний дөрвөн тохиолдол бүртгэгдсэн, аюул улам ойртож байгааг сэрэмжлүүлж байна. Тухайн боомт байрладаг аймгийн Засаг дарга болон нүүрс тээврийн компани, жолооч, иргэд уул уурхайн түүхий эд тээвэрлэхийг хориглох шийдвэр гаргах хүсэлт ирүүлсэн" гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо. 

 

ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу “Бөртэ” үйлдвэр, Батлан хамгаалах яамны 288 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж эмийн сангуудад нийлүүлэхийг холбогдох удирдлагуудад нь үүрэг болголоо. Мөн бүх шатны Засаг дарга нарыг тухайн орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав. 

 

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тушаалын дагуу ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай бүлэг Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Буянт-Ухаа боомтод ажилласан байна. Илүү цагаар ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын нөхөн олговор, урамшуулал, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэргийн нөөцөд анхаарах шаардлагатай гэж шуурхай бүлэг үзжээ. Эрүүл мэндийн яамны хувьд, Засгийн газрын нөөцөөс  шийдсэн 4.2 тэрбум төгрөгөөр эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ аваад байна. Мөн 3000 оношлуурын эхний 500-г маргааш хүлээн авах юм.

 

Өнөөдрийн байдлаар, БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусний 40 235 тохиолдол бүртгэгдсэнээс, 6484 хүний биеийн байдал хүнд, амиа алдсан 909 буюу өчигдрийнхөөс 97-гоор нэмэгдсэн байна. Бүрэн эдгэрсэн 3283 хүн байгааг Эрүүл мэндийн сайд хуралдааны үеэр мэдээлсэн.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.