Туслах цэс

Онцлох брэнд

Алжир улс газрын тосны мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ



Алжир улс газрын тосны мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 28-нд Алжир хотноо боллоо. Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Алжирын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Рашид Бладехане нар тус тусын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо.

 

Уулзалтаар Монгол,  Алжирын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааг хөгжүүлж болохуйц салбар, чиглэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, НҮБ болоод олон улсын бусад  байгууллагын хүрээнд хамтран ажиллах, олон улсад болон бүс нутагт өрнөж буй тулгамдсан асуудлуудаар ярилцжээ.

 

Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах нөөц боломжоо ашиглахын чухлыг тэмдэглэж, хоёр талд болох олон улсын хурал, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, спортын уралдаан тэмцээнд төлөөлөгчдөө  харилцан урьж оролцуулах, Засгийн газрын болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөгчдийг харилцан айлчлуулах, хэлхээ холбоо тогтооход дэмжиж ажиллахаар болсон байна.

 

Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг ойрын жилүүдэд ашиглалтад оруулах гэж буйтай холбогдуулан Алжир улсын газрын тосны салбарын туршлагаас суралцах, газрын тосны “Сонатрак” компанид мэргэжилтэн бэлтгэх, дадлага сургалт хийх санал тавьсныг хүлээн авч, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуйн, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай зэрэг хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон байна.

 

Түүнчлэн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форум, Залуучуудын ногоон наадамд Алжираас төлөөлөгч оролцуулахыг урихад дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч төлөөлөгч оролцуулахаа мэдэгджээ.

 

Монгол Улс, Алжир Улсын хооронд 1961 оны 6 дугаар сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улс Арабын орнууд дотроос хамгийн түрүүнд  Алжиртай ийнхүү албан ёсны харилцаа тогтоож байжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.