Туслах цэс

Онцлох брэнд

Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна



Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна

Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Эрдэнэс Таван толгой компанийн IPO бэлтгэл ажлын явц ямар байгаа вэ. Гадны гурван банк болон нэг хуулийн фирмтэй хамтран ажиллахаар болсон гэсэн мэдээлэл байсан?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн IPO нэлээд хугацаанд яригдсан. Хувийн компани гэхээс илүүтэй төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг шилэн, нээлттэй болгох тал руу явуулж байгаа. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлыг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. “Эрдэнэс Таван толгой” компанийн IPO санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад, үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Сонгосон гурван банк буюу гол чирэгч болон толгойлж орох нь Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудын үйл ажиллагаа идэвхжээд явж байгаа. IPO-той холбогдуулаад хэлэхэд бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна.

-Хувьцааны ногдол ашиг тараах асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр 26 мянган төгрөг өгөх үү, эсвэл тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксжуулах үйлдвэрээ барьчихаад, нэмүү өртөг шингээгч болчихсон олон улсад цар хүрээгээ таниулж, үнэлгээгээ тогтоочихоод ногдол ашиг хуваарилах уу гэдэг дээр Засгийн газрын бодлого явж байгаа. Өнөөдөр улстөр хийж байгаа хүмүүсийг ойлгож байна. Хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Энэ үед буруу юмаар битгий улс төр хийгээрэй. Ногдол ашгийг хуваарилах эсэхийг “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ дээр шийдчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага, компани өөрсдөө шийдээд явж байгаа. Ногдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал. Дээрээс нь үнэ цэнэтэйгээ уялдуулах ёстой.

-Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэзээ ширээний ард суух вэ?

-Оюутолгой бол манай эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил миний төсөөлсөнөөс хурдан явж байгаатай танилцаад ирсэн. Энд 14 мянган мэргэжлийн монгол залуу ажиллаж байна. Бид хүний нөөцтэй капитал бүрдүүлж байгаа. Тийм учраас Оюутолгой төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч УИХ-аас гаргасан шийдвэрт нааштай байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бусад салбарт орж ирэх гадны хөрөнгө оруулагчдад ч эерэг мессеж болон очиж байгаа. УИХ-аас гаргасан тодорхой чиглэлүүдийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа явж, ширээний ард суух бэлтгэлээ хангаж байгаа. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахалж, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, миний бие ороод ажиллах байх гэсэн ерөнхий ойлголттой байна.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд?

-Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар эдийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 гр, 10 гр, 100 гр гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна. “Алтан дээр суурилсан төгрөг” төсөл цаашид амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна. Уул уурхайн салбарын бодлого валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэж л зорьдог.

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн явц ямар байна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц төлөвлөснөөс хурдан явж байна. Энэ маш том төсөл шүү. Үйлдвэрийн том байгууламж баригдана гэдгийг иргэд ойлгох ёстой. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.

УДАА ДАРАА ОСОЛ ГАРСАН ЭКО АЛТАН ЗААМАР КОМПАНИД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АСУУДЛЫГ ЯРЬСАН

-Ирэх онд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төсөл байгаа юу?

-Уул уурхайн салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийн төсөөлшгүй. Монгол Улсын зүтгүүр салбар уул уурхай салбар юм. Иймээс энэ салбарыг тогтвортой байлгах. Энэ салбарт хөрөнгө оруулалт татаж байж эдийн засгийг солонгоруулна. Манайх стратегийн гэж хэлж болох алт, жоншны салбараа талын нэг тараачихсан улс дэлхий дээр байхгүй.Үүнийг цэгцлэхийн тулд нэлээд хүч шахан ажиллаж байна. Нэг нурчихсан зүйлийг босгоход амаргүй байгаа. Тухайлбал, Монгол Удсад Геологийн салбарын 80 жилийн ойгоор Үндэсний геологийн алба байгуулагдсан. Энэ Геологийн албыг байгуулж байж, уул уурхай геологийн салбар болон бусад тэргүүлэх салбар цэгцэндээ орно. Геологийн салбарыг татан буулгаж, хэдэн геологичид ажилгүй болж мэдээллээ хувийн хэвшил, нинжа нарт тараасан. Мөн 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Уул уурхайн яамыг татан буулгаж, Ашиг малтмал, газрын тосны газрыг байгуулсан. Ийм зовлонтой байдал руу бид орчихсон. Үүнийг цэгцлэхийн тулд Үндэсний геологийн албыг байгуулсан. Ирэх онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барина.

-Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн хомсдолд орсон. Ирэх жил сайжруулсан түлшний хөтөлбөр зогсчихвий гэсэн мэдээлэл байна. Түүхий эд нь байгаа юу?

-Сайжруулсан шахмал түлшний түүхий эд дуусахгүй. Энэ явдаг журмаар явна. Түлшийг сайжруулж, түгээлт, тээвэрлэлт, борлуулалт болон ажиллаж байгаа гурван мянган ажилчин алба хаагчдын ажиллах нөхцлийн үе шаттайгаар сайжруулж байгаа. Түүхий эдийн хомсдолд орно гэж байхгүй. Түлш үйлдвэрлэдгээр үйлдвэрлэнэ. Дараа жил хүчин чадлыг сайжруулна. Гол нь үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл аюулгүй орчин хамгийн чухал.

-Хариуцлагатай уул уурхайг бий болгох ажлын хүрээнд яамнаас ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ. Эко Алтан Заамар-т ахин осол гарчхүний амь эрсэдсэнҮүнд хариуцлагын асуудал яригдаж байгаа юу?

-Технологийн горим алдах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй гээд олон шалтгааны улмаас осол гарах нөхцөл бүрдэж байгаа. ААН-үүдийн зүгээс үүн дээр хяналтаа сайжруулах ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ёстой. Удаа дараа осол гарсан "Эко Алтан Заамар" компанид хатуу арга хэмжээ авах асуудлыг сайдын зөвлөлийн хурал дээр ярьсан. Энэ арга хэмжээг ойрын хугацаанд авахаар болоод байгаа.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: medee.mn

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.