Туслах цэс

Онцлох брэнд

“Оюу Толгой”-д ажиллагсдын тоо 16 мянгаас 11 мянга орчим болтлоо буурчээ



“Оюу Толгой”-д ажиллагсдын тоо 16 мянгаас 11 мянга орчим болтлоо буурчээ

Уул уурхайн салбарт 56 мянга 600 гаруй хүн ажиллаж байгаагийн 57 хувь нь үндсэн, 43 хувь нь гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байна гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 онд ирүүлсэн 263 уулын ажлын тайлангийн мэдээлэлд тулгуурлан энэхүү тооцоог гаргасан байна. Уул уурхайн салбарт ажиллагсдын 25 хувь нь инженер техникийн ажилчид, есөн хувь нь удирдах ажилтан, 35 хувь нь техникийн операторууд байгаа ажээ.

Мөн нийт ажиллагсдын 96 хувь нь монгол, дөрвөн хувийг гадаад мэргэжилтэн бүрдүүлж байна. Гадаад ажилчдын тоо 2018 оны эцсээр 2060 болжээ. Уул уурхайн компаниудаас “Оюу Толгой” хамгийн том ажил олгогч хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтын хамгийн гол ажлуудын нэг болох II босоо амны бүтээн байгуулалт дууссан зэрэг шалтгааны улмаас өнгөрсөн оны эцэст ажиллагсдын тоо нь 16 мянга гаруй байсан бол одоо 11 мянга орчим болж буураад байна.

Харин насны ангиллаар авч үзвэл 18-25 насныхан 26 хувь, 26-40 насныхан 53 хувийг эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт 40-өөс доош насныхан нийт ажиллагчдын 80 орчим хувийг бүрдүүлж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

Ажиллагсдын сарын дундаж цалин үндсэн компанийн цалин туслан гүйцэтгэгч компанийн цалингаас бага байгаа, мөн мэргэжил тус бүрээр харилцан адилгүй гэж үзжээ. Энэ дунд тухайлбал: туслан гүйцэтгэгч компанийн гадаад ажилтны дундаж цалин дөрвөн сая төгрөг байхад үндсэн хоёр сая 570 мянган төгрөг байгаа ажээ.

Харин инженер техникийн ажилтнуудын цалин үндсэн компанид нэг сая 510 мянган төгрөг байгаа бол туслан гүйцэтгэгч компанид нэг сая 670 мянган төгрөг гэсэн тооцоог гаргажээ.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: medee.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.