Туслах цэс

Онцлох брэнд

Тос нь оргилон бургилавч дотооддоо ганц ч үйлдвэргүй улсыг ямар юмных нь нефть олборлогч орон гэх вэ дээ?



Тос нь оргилон бургилавч дотооддоо ганц ч үйлдвэргүй улсыг ямар юмных нь нефть олборлогч орон гэх вэ дээ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр маань гандирсын хот болон бүү замхарчихаасай билээ-

Монгол Улсын эдийн засгийн тухай ч юм уу, улстөржсөн ярианы сэжүүрийг анзаарах төдий болоход л “Манайх нефтиэ л боловсруулдаг болчихвол хойд, урд хөршөөсөө хараат бус болчихно” гэж захын хүн мэтгэх нь бий. Гуравхан сая хүн амтай мөртлөө гурваны нэг нь моторт унаа хөлөглөдөг манайх шиг улс орон дэлхийд ховор нь ч ховор л байх. Дөрвөлжин бүхээгтэй, дөрвөн дугуйтуудаас гадна салхи татуулан давхидаг хоёр дугуйтууд ч хүнийхээ тооноосоо олон гэхэд хилсдэхгүй. Техник л болсон хойно бүгд шатахуун тос идэж ууна. Гадаадаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь нефть байдаг судалгаа бий. Валютын ханш өсөхөд түлшний үнэ дагаад тэнгэрт хадна. Хуй салхинд хийссэн хог хамхуул л ингэж их өөдөө хөөрдөгдөө. Түлшний үнэ дагаад дэлгүүрээс авах талхны маань үнэ талийна. Морио унаад, модоо тохоод хол явахгүйгээс хойш Монголд хамгийн их мэдрэгдээд “модыг нь бариулах” гээд байдаг салбар бол газрын тосны салбар болчихоод байгаа юм даа. Сонгуулийн сурталчилгаа болгонд л дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж донгодно. Энэ донгодолт эцэстээ донгосолт болон хувирч олон түмний чихэнд наалдахаа ч байж дээ.

Оба Ерөнхийлөгч дээлээ тосоор мялааснаас хойш олон ч жил өнгөрч дээ...

Монгол Улсын Ерөнхий сайд асан, нэртэй эдийн засагч Д.Бямбасүрэн гуайгаас Монголд яагаад газрын тосны үйлдвэр барьж болдоггүй тухай олон ч сэтгүүлч уруулыг нь угзарч, амнаас нь алтны үртэс унагах гэж оролдсон. Тэрээр “Зүүн баянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, тухайн ондоо 209.4 тонн тос олборлож байсан юм шүү. Оргил үедээ 150 мянган тонн олборлож байсан юм. Харамсалтай нь 1969 оны арваннэгдүгээр сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эво аппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, галгарсан. Яагаад гал гарсныг сайн ойлгодоггүй юм. Тэр үед шатахуун гаднаас авсан нь ашигтай гэж үзээд зогсоосон. 1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны Ерөнхийлөгч П.Очирбат ноолууран дээлээ мялааж байхдаа долоон жилийн дараа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Гэтэл одоо ч алга. Үнэнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. 1993 онд МАХН-ын Засгийн газар АНУ-тай гэрээ хийхдээ Монголд олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй гэж гэрээ хийсэн юм. Тухайн үеийн асуудал хариуцсан хүмүүс, эрх мэдэлтнээс асуухад “Ингэж хий л гэсэн. Тэрүүгээр нь хийлээ” гэж хариулсан. Америкчууд нь гэрээгээ хятадуудад шилжүүлчихээд яваад өгсөн. Харин бид нөгөө гэрээний заалтаа өөрчилж чадаагүй үлдсэн.

Дорнодод нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэхэд эрх зүйн хувьд боломжгүй болчихсон. Хүнийх болчихсон учраас тэр. Баттай мэдээлэл гэвэл 2012 оноос өмнө нефть боловсруулах үйлдвэрийн талаар БНХАУ-ын талтай ярихад “Засгийн газраас даваад үндэсний хэмжээний асуудал болсон биш үү” гэж хариулсан гэсэн. Манай орд газар гэсэн хандлагаар асуудалд хандаж байгаагийн илрэл. Хятадууд “Гадаадад байгаа өмчөө хамгаалах шаардлага гарвал цэргийн хүч хэрэглэнэ” гэсэн хууль 2005 онд гаргасан. Тэгэхээр монголчууд Хятадын талтай ойлголцоход их хэцүү. Ерөнхий сайд очоод загнуулаад, хөөгдөөд л ирдэг. Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс улс орны эрх ашгаа тэргүүнд тавьдаггүй, гаднынхны эрх ашгийг дээдэлж, тэдний гар хөл болж, тос долоохын төлөө шийдвэр гаргадагт байгаа юм. Нөгөөталдаатөрбарьжбуйэрхмэдэлтнүүдгазрынтос боловсруулах үйлдвэр байгуулах сонирхол байхгүйд бас их учир байгаа юм. Хэрвээ бид нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол жил бүр гадагшаа урсаад байгаа тэрбум 400 сая ам.долларыг хэмнэх боломжтой. Энэ мөнгө эдийн засагт ороод ирвэл гадаад худалдааны тэнцлийг шийдчих бүрэн боломжтой. Гурван сая монголчуудын амьдралд эергээр нөлөөлж, эдийн засгийг өргөөд л явчихна. Дорнодын газрын тосыг Хэнтийн Бор-Өндөрт боловсруулна гэсэн тооцоо хийж байсан. 500 км газар нефтийн хоолой татаж, усгүй газар боловсруулна гэдэг төсөл хийдэг сайдууд, эрх мэдэлтэн байх гэж. Хамгийн тохиромжтой газар нь Дорнод өөрөө шүү дээ. Тэндтүүхийэд, ус нь байна. Хуучны төмөр замынх нь далан нь байгаа. Тамсагт бас хуучин ашиглаж байсан бааз суурь нь бий. Энэ бааз сууриа ашиглаж яагаад болохгүй гэж.

Монгол Улс зүүнээсээ баруун тийш 3000 гаруй км. Нутаг дэвсгэрийнхээ нэг цэгт нь үйлдвэр байгуулчихаад бүх зүгт тээвэрлэнэ гэдэг асуудалтай. Дорнодод нефть боловсруулах үйлдвэрийн бүх бааз суурь нь байхад тэндээ жижиг үйлдвэр байгуулаад нэг хэсгээ хангах бүрэн боломжтой. Магадгүй Казакстан эсвэл Оросоос нефтиэ аваад баруун талаа, төв хэсгээ бас нэг эх сурвалжаас хангана гэсэн бодитой бодлого, тооцоо хэрэгтэй. Нэг цэгээс бүх хэрэгцээгээ хангана гэсэн төсөөлөл бол эдийн засгийн анхан шатны ойлголт, мэдээлэлгүйхүнийхийдэл. Нэг их мэдэгч хоёр сая тонн олборлохгүй бол Монголд боловсруулах үйлдвэр ашиг тусгүй гэж мэдэгдсэн. Жилдээ 100 мянган тонн олборлоод ашигтай байгаа үйлдвэр дэлхийд цөөнгүй бий. Одоо мөрөөдлийн мэт санагдаж буй ч хийж чадахгүй, болохгүй зүйл байхгүй. Намайг Ерөнхий сайд байх жилүүдэд Монгол шатахууны маш хүнд байдалд орж байсан. Тэр үед судалгаа хийж, АНУ руу хүмүүсээ явуулж үйлдвэрийг нь танилцуулж байсан. Тэр үед 100 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийг хоёр сарын дотор угсраад шатахуун гаргах боломж буйг хэлж байсан юм. Сүүлд ч 1990-ээд оны үед монгол инженерийн боловсруулсан боломжтой олон төсөл байж л байсан. Засаг төр солигдоод ажил болж чадаагүй” гэж халаглан өгүүлсэн байдаг.

Бид нефтийн ордтой атлаа яагаад өөрсдөө олборлож болдоггүй юм бэ?

Бямбасүрэн гуайн яриагаар бол “Петрочайна Дачин Тамсаг” гэдэг компанийн олборлож буй газрын тос гэрээгээрээ нэгэнт хүнийх болчихсон юм байна. Одоо тэгвэл яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал, ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч, доктор Д.Алтанцэцэг ийн ярьж байна. “Би Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тосон уул 19, Тамсаг 20 талбайд ажил хийж байлаа. 2010 оноос тухайн талбайд газрын тос илэрч Монгол Улс албан ёсны олборлогч орон болсон. Дээр хэлсэн хоёр ордын баталгаат нөөц нь 336 сая тн гэсэн дүн гарсан. Түүнээс ашиглалтын нөөц нь 43 сая тн байлаа. Ингэж туршилтын олборлолт эхэлсэн байдаг. Тэр үеэс надад “Бид нефтийн ордтой атлаа яагаад өөрсдөө олборлож болдоггүй юм бэ” гэсэн харамсаж, харамлах сэтгэл төрж байлаа. Ингээд Монгол Улс үйлдвэртэй болох хэрэгтэй гэсэн бодол төрсөн” гэж монголчууд бидний л нөгөө туйлын хүслэн өвөрлөж явдгаа хэвлэлд илэрхийлж. Германд газрын тосны чиглэлээр суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан хүн байтугай тэр талын умаахан ч мэдлэггүй мань мэт хүртэл ингэж сайхан ярьж чадна л даа. Газрын тосны хайгуул тэртээ ерээд оноос хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 оны гуравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвлөмж гарсан түүхтэй байдаг. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ албан ёсоор орсон ч өнөө хүртэл үйлдвэр баригдаагүй л байгаа нь бодит үнэн.

Монгол Улс 2024 онд боловсруулах үйлдвэртэй болж чадах уу?

Газрын тосноос болж сүүлийн зуун жилд дайтсаар байгаа улс орон олон бий. Болив, Перу улсын жишээнээс үүнийг харж болно. Дэлхий дээр газрын тосны үйлдвэргүй орон тун цөөхөн үлдсэн. Газрын тос стратегийн амин чухал асуудал болохоор арга ч үгүй юм. Монголын газрын тос боловсруулах үйлдвэр хэмээх чихэнд чимэгтэй компанийн гүйцэтгэх захирлын ярианд анхаарлаа дахин хандуулъя. “Дэлхий дээр газрын тосны үйлдвэр 200 гаруй жилийн түүхтэй. Харин манайд одоо л цаг нь болж, тохироо нь бүрдэж байна. Бид хориннэгдүгээр зууны бие даасан улс мөн л юм бол энэ салбарыг хөгжүүлэх ёстой. Хамгийн наад зах нь эрчим хүчний хараат байдал үгүй болно. Цаашлаад шатахууны үнийн асуудал байна. Газрын тосны үнийг дагаж бүтээгдэхүүний үнэ өсдөг. Зах зээлийн үнэд нөлөөлж, инфляцийг өсгөх гол хүчин зүйл болдог. Одоогоор манай улс газрын тос худалдаж авахын тулд 1-1.3 тэрбум ам.долларыг гадагшаа урсгадаг. Тэр нь гадаад худалдааны тэнцэлд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв газрын тосны асуудлаа шийдэж чадвал инфляци, гадаад худалдааны тэнцэл, хамаарлын асуудал шийдэгдэнэ. Мөн хөдөө аж ахуй, уул уурхайн ихэнх салбар бензин шатахууны үнээс болж түүхий эдийн үнээ нэмдэг. Үүнд төр засаг зохицуулалт хийж тэдэнд шатахууныг хүүгүй зээлээр нийлүүлж, бие биенээ дэмжих боломжтой” гэж их элементарный юмыг тов тодорхой хүүрнэн өгүүлсэн байх юм. Ямартай ч тэрээр Энэтхэгийн Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.доллараар Монгол Улс нов ногоон зүлгэн дээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, 2024 он гэхэд үйлдвэр ашиглалтад орж, шатахуунаа нийлүүлээд эхэлнэ, Монгол Улс шууд ашгаа хүртэж эхэлнэ гэж өөдрөг гэгээн зүйл ярьжээ. Болтугай гэж ерөөн залбирмаар санагдавч улстөржүүлсэн хөөргөн мандлын хөөсрөл байх вий гэхээс бас эмээх юм. Нэг тэрбум 36 сая ам.долларын өртөг гэдэг зөвхөн Техник эдийн засгийн үндэслэлийн тооцоо, нефтийн үйлдвэр барих амархан, төлөвлөхөд л хугацаа ордог энэ тэр гэсэн “агаарындуу” юмнууд ярьсан нь газрын тос боловсруулах үйлдвэр маань цаасан дээр “сүндэрлээд” гандирсын хот болон замхарчих вий гэсэн болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлээд буй хэрэг л дээ. Гандирсын хот гэж мэдэх үү? Зэрэглээн дунд торолзоод байдаг ч яваад очиход оргүй хоосон болчихдог үлгэрийн хий үзэгдлийн хотыг хэлээд байдаг даа. Газрын тос боловсруулах үйлдвэр маань гандирсын хот болоод бүү замхарчихаасай гэж залбирах л үлдэж дээ!!!

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: medee.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.