Туслах цэс

Онцлох брэнд

Алтан тарианы эзэд бүтэн жарны ололт амжилтаа цэгнэж байна



Алтан тарианы эзэд бүтэн жарны ололт амжилтаа цэгнэж байна

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг Хархорин суманд Улс тунхагласны баярыг өдрөөр зохион байгууллаа.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956 оны 197 дугаар тогтоолоор түүх, соёлын өлгий нутаг Хархоринд Сангийн аж ахуйг байгуулж, 3500 га атар газарт анхны шанг татаж байсан бол 1959 оноос Монгол Улс газар тариаланг бие даасан салбар болгохоор шийдвэрлэсний дагуу эдүгээ 60 жилийн хөгжлийн босгыг амжилттай даваад байна.

 

Хархорины Сангийн аж ахуйгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Авирмэд, Ц.Шатар, Ц.Адъяа, Л.Гомбосүрэн зэрэг дөрвөн баатар, олон арван гавъяат, улсын аваргууд төрөн гарсан төдийгүй 1959 оны ургац хураалтын ажилд гарамгай амжилт гаргасан явдлыг төр засаг өндрөөр үнэлж, Хархорин сум Сангийн аж ахуйг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байсан түүхтэй. Энэхүү алдар, гавъяа өнөө ч үргэлжилж, Монголын тариаланчдын үндэсний холбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Лхагвабуд Монгол Улсын гавъяат аграномич цол, тэмдгээр шагнуулан тус салбарынхны баяр дээр баяр нэмээд байгаа юм.

 

Газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, хүн ардаа эрүүл хүнсээр хангах их үйлсийг бүтэн жарны турш гардан бүтээж, хөгжүүлж ирсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилтнууд 60 жилийн ойн баярын хуралдаа хүрэлцэн ирж, ололт, амжилтаа дүгнэн хэлэлцлээ.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир нар тариаланчдад баяр хүргэн үг хэлж, Сангийн аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагнан урамшууллаа.

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Өвөрхангай /МОНЦАМЭ/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.