Туслах цэс

Онцлох брэнд

“Дисковер Монголиа-2019” уул уурхайн чуулган маргааш эхэлнэ



“Дисковер Монголиа-2019” уул уурхайн чуулган маргааш эхэлнэ

Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган “Дисковер Монголиа-2019” “Шангри-Ла” зочид буудалд маргааш эхэлнэ.

Өмнөх жилүүдэд хоёр өдөр болдог байсан уг чуулган энэ жил нэг өдөр болох юм. Чуулганыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэлээр нээх бол “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавих аж.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар мөн илтгэл тавих юм. Чуулганы үдээс өмнөх хуралдааны онцлох илтгэлийг эрчим хүч мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч “Фэнвэй” компанийн ерөнхийлөгч Чанг Юү Жин “БНХАУ болон дэлхийн нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ” тавих аж.

Үндсэн хуралдааны дараа чуулганы оролцогчид “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” сэдвээр хуралдах нь. Тус хуралдааны үеэр “Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Видапп “Олон улсын зах зээл: Өнгөрсөн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчийн хандлага хэрхэн өөрчлөгдөв” сэдвээр илтгэл тавих бол Оюу толгойн хэмжээний үнэ цэнэтэй дараагийн ордын хайгуулын ажлыг хийж буй “Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг өрөмдлөгийн явцаа танилцуулахаар болжээ.

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно. Хуралдааны даргалагч нь Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан. Тус хуралдааны үеэр “Эликсир энержи лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг “Дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метанаар хангах тухай” гэсэн сэдвээр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” сэдвээр илтгэл тавихаар болжээ. Уг илтгэлүүдийн дараа “Монгол улсын геологийн боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол Улсын хөгжлийг дэмжих нь” сэдэв дор өрнөнө. Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” сэдвээр, “Ковер Монголиа”-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл улстөрийн нөхцөл байдлын тухай илтгэл тавих аж. Уг хуралдааны хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану нар оролцох юм байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.