Туслах цэс

Онцлох брэнд

Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хэлэлцээр хийх хүсэлт хүргүүлэв



Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хэлэлцээр хийх хүсэлт хүргүүлэв

"Монголиан коппер корпорэйшн" ХХК-ийн удирдлагууд 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар хэлэлцээр хийх хүсэлтээ Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлэв.

Энэ талаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “УИХ-ын 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн асуудлаар манай компанитай хэлэлцээр хийхийг  даалгасан. Хэлэлцээр хийгээгүй учир, өнгөрсөн хоёр удаагийн шүүх хурлаар манай компанийн, Эрдэнэтийн 49 хувийн эрхийг сэргээсэн. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан энэхүү хэлэлцээрийг дахин хийх шаардлагатайг Ерөнхий сайдаас хүсэж байгаагаа илэрхийлж бичиг хүргүүллээ. Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Ерөнхий сайд манай компанийн төлөөлөлтэй уулзана гэдэгт найдаж байна” хэмээв.

 “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруй хугацаанд шалгаж байна. Энэ хугацаанд миний бие АТГ, ЭЦА-нд 10 гаруй удаа байцаагдсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэутгаараа бид хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэлж, дуудсан цаг бүрт очиж байгаа. Бид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ойлгож, хүндэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд  асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүсэлт эрмэлзэлтэй байсаар ирсэн. Энэ эрмэлзэл өнөөдөр ч хэвээр, үүнийгээ баталгаажуулах үүднээс Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлж байна” гэв.

 

 

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.