Туслах цэс

Онцлох брэнд

Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов



Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, гамшгийн үеийн бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа. 

2019 оны 2 дугаар сард аймгийн 19 сумын 50 орчим хувь нь цастай байна. Цэнхэр, Хотонт, Төвшрүүлэх сумын нутгаар цасны зузаан 5-7 см, Тариат, Өндөр-Улаан, Хашаат, Чулуут, Цэцэрлэг сумын нутгаар цасны зузаан 0-3 см, бусад сумын нутгаар цасгүй өвөлжжээ. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 14.3 мянган малчин өрхийн 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 өрхийн 12.7 мянга, өөр аймгийн бусад суманд 834 өрхийн 296.2 мянган мал отроор хаваржиж байгаа юм.

Энэ онд нэмэгдэл тэжээлд 1682.7 мянган толгой мал орж, байран маллагаанд 79.8 мянган толгой мал байна. Архангай аймагт нийт 954 бэлчээрийн худаг байгаагаас инженерийн хийцтэй, гүн өрмийн 737, энгийн уурхайн 211, усан сан 6 тоологдсон бөгөөд нийт худгийн 85.1 хувийг ашиглаж, нийт малчин өрх, мал сүргийн 80.8 хувь нь усаар хангагдаж байна. Цаашид бэлчээрийг усжуулах инженерийн хийцтэй гүн өрмийн худаг шинээр гаргах, сэргээн засварлах 135 худаг байна гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж мэдээллээ.

Өнгөрсөн онд малчдын түвшинд 75.3 мянган тонн өвс, 1057 тонн гар тэжээл, 173 тонн сүрэл, 1584 тонн ногоон тэжээл, 429 тонн үйлдвэрийн тэжээл, 5 тонн дарш, 1886 тонн давс хужир шүү бэлтгэснээс одоогоор 90 орчим хувийг нь ашиглажээ. Сумдаас авсан судалгаагаар Ихтамир, Цэцэрлэг, Батцэнгэл зэрэг сумдад 27.5 тонн өвс, 31 тонн тэжээл шаардлагатай байна гэв.

Тиймээс дээр дурдсан тооны худгийг сэргээн завсарлах зардлыг шийдвэрлэх, хаврын улиралд өвс, тэжээлийн дутагдалд орох болзошгүй тул 300 тонн өвс, 160 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, 50 тонн нэмэгдэл эрдэс тэжээл өгөх, тодорхой тооны хээлтүүлэгч малаар хангах зэрэг саналыг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.

Аймгийн саналыг сонссон Шуурхай бүлэг Засгийн газрын шийдвэрээр 300 тонн өвс, 120 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох болсныг танилцуулаад, худаг завсарлах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад суулгах боломжийг судалж үзнэ гэдгийг мэдэгдэв. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.