Туслах цэс

Онцлох брэнд

Хөгжлийн банк гэр хорооллын дахин төлөвлөлт дээр ААН-үүдэд зээлийн санхүүжилт олгож ажиллана



Хөгжлийн банк гэр хорооллын дахин төлөвлөлт дээр ААН-үүдэд зээлийн санхүүжилт олгож ажиллана

Монгол Улсын Хөгжлийн банкнаас гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд ААН-үүдэд зээл олгоно гэдгээ тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат нийслэлийн “Хангарди” ордонд нийслэлийн удирдлагатай өчигдөр уулзахдаа мэдэгдэв.

Уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэхдээ, “НИТХ-ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16 мянган нэгж талбар бүхий 1516.6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа”-г дурдаад, одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Хэсэгчлэн баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр 89.968 айлын 961 орон сууц барих юм. Эдгээр нь ашиглалтад орсноор, гэр хорооллын айл өрхийн 41.5 хувь нь сууцанд орох боломжтойг хэлэв.  

НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар, "Нийслэлийн орон сууц, дэд бүтэц, хот байгуулалтын бодлогын зөвлөл” байгуулсныг дуулгаад, “Энэ зөвлөл нь нийслэл хотод хаана, аль төсөл хөтөлбөрийг ямар санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтойг судалж, бодлогын түвшинд асуудлыг шийдэх юм” гэв.  Тэрээр, “Нийслэл төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр санхүү хязгаарлагдмал. ААН асуудлаа шийдэх гэхээр эрхзүйн орчин нь тодорхой биш. Тиймээс энэ орон зайг нөхөх зорилгоор “Нийслэлийн хөрөнгө оруулалт менежментийн компани” болон Захирлуудын хараат бус зөвлөлийгбайгуулж, улс төр, цаг үеэс үл хамаарч зах зээлийн зарчмаар үайл ажиллагаагаа хэрэгжүүлдэг болгоно” гэв. Мөн нийслэл хот Хөрөнгө оруулалтын сан байгуулж, энэ жил таван тэрбум төгрөг суулгасан. Хотын хөгжлийн бодлогыг урт хугацаанд тодорхойлохын тулд, “Хот төлөвлөлт, судалгааны институт”-ыг байгуулж, гадаад дотоодод мэргэшсэн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хот төлөвлөлтийн асуудлыг дэлхийн жишигт нийцэхүйц хэмжээнд авч үзэх болно” гэв.

Уулзалтанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал н.Мягмаржав болон нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгч барилгын компани, ААН-үүдийн захирал, төлөөлөл оролцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.