Туслах цэс

Онцлох брэнд

Газар тариалангаа дэмжсэнээр иргэд нутагтаа тогтвортой суурьшиж байна гэв



Газар тариалангаа дэмжсэнээр иргэд нутагтаа тогтвортой суурьшиж байна гэв

Завханы Асгат сумын газар тариалангийн хоёр компани 1500 орчим га талбайд улаан буудай, овъёос, хөх  тариа тарьж ургацаа амжилттай хураажээ. Ургацаа амжилттай авсанаар сумын малчид болон зэргэлдээх сумдын малчид өвс тэжээлээ хангалттай бэлдээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар сумын аюулгүйн нөөцөд 2000 боодол өвс, 50 тонн улаан буудайг нөөцлөөд буй. 1992 оноос газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогсож ажлын байргүй болсон учраас айл өрх, иргэд олноороо шилжсэн асуудлаас болоод нэг хэсэг Асгат сум байх уу, үгүй юу гэх яриа гарч байсан цаг саяхан.

Тиймээс 1998 оноос одоог хүртэл газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа бодлогоор дэмжсэнээр газар тариалангийн үйл ажиллагаа сэргэж, малчид, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байна. Сумынхаа хуучин уурын зуухны барилгыг сэргээн засварлаж, хоногт 25 тонн будаа тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг суурилуулан тав дахь жилдээ гурил үйлдвэрлэж байна.

Ингэснээр сумын эдийн засгийн үндэс болсон мал сүрэг маань өвс, тэжээлээр хангагдаж, өвөл хаврын хүнд хэцүү үеийг ажрахгүй давах боломж нөхцөл бүрдээд байгаа. Өөрийн сум болон зэргэлдээх сумдын гурилын хэрэгцээг хангаж байгаа талаар Асгат сумын ЗДТГ-аас мэдээлэв.

ОНХС-ийн хөрөнгө бодит үр дүнг өгч байгаа гэв

Энэ жил Асгат суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийн худагтай болжээ. Энэ худгийг түшиглэн ирэх онд бүх төсвийн байгууллага, зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн халаалттай, цэвэр устай холбох   ажлыг хийнэ.

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 140 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулаад байгаа.

Хэдийгээр хүн ам цөөтэй ч соёл хүмүүжлийн ажил, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах тохиромжтой байргүй байсан аж. Үүнийг шийдсэнээр иргэд, хүүхэд залуучууд руу чиглэсэн сургалт, уулзалт, олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх ажлууд тохитой зориулалтын байранд явагддаг болсон нь сайшаалтай.

ОНХС-ийн хөрөнгөөр хаана ямар бүтээн байгуулалт шаардагдаж байгаа талаарх иргэдээс ирүүлсэн саналын дагуу 18 сая төгрөгөөр ухдаг, түрдэг универсал трактортой болсон. Үүнийгээ ашиглаж сумынхаа хогийн цэгийг эмхэлж цэгцлэх, өвлийн улиралд орон нутгийн чанартай зам даваагаа засах, онгойлгох, бусад газар шорооны ажлуудыг цаг алдалгүй орон нутагтаа хийгээд байх боломжтой болсон.

Хэрэгцээтэй автомашин, техник хэрэгсэлтэй болох нь бодит үр дүнг өгдөг. Нэмж дуулгахад манай сум 2017, 2018 оны ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн шалгалтаар сайн үнэлгээ авч энэ жил ОНХС-ийн хөрөнгө дээрээ урамшуулал авсан байгаа. Энэ нь бас ОНХС-ийн хөрөнгийг хэрхэн хууль дүрмийн дагуу бодитой, үр дүнтэй зарцуулж байгаагийн үнэлгээ юм.

Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн бүрт хяналт тавьж ажиллаж байгаа

Асгат сумын сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах журмаар өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр иргэдэд 185 сая төгрөгийн зээлийг олгоод байна.

Харамсалтай нь иргэд авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа явдал ажиглагддаг. Өмнө нь зээл авсан иргэд зээлээ хугацаанд нь буцаан төлөхгүй байх явдал их байсан. 2018 онд энэ талаар иргэн бүртэй ажиллаж Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхтэй хамтарч ажилласнаар зээлийн эргэн  төлөлт эрс  сайжирсан.

Дөрвөн сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан сум хөгжүүлэх сангийн дансанд өнөөдрийн байдлаар 35 сая төгрөг эргэн төвлөрөөд байна. Цаашид бид энэ зээлийг аль болох үр дүнтэй бодит ажил болох төсөлд өгөх, сумын хэтийн бодлого төлөвлөлт рүү чиглэсэн зүйлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа.

Тухайлбал гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн үйлдвэр, арьс шир боловсруулах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр,  фермерийн аж ахуйн чиглэлээр түлхүү хөрөнгө оруулалт хийх бодлого баримталж байгаа. Түүнчлэн газар тариалангийнхаа салбарыг бодлогоор дэмжин тариалалтын талбайгаа нэмэгдүүлж, малын тэжээлийн үйлдвэр, мах, сүүний чиглэлээр фермийн аж ахуйг бий болгож, гахай, тахианы аж ахуйг давхар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр сумаас өрх бүрийг тодорхой чиглэлээр үйлдвэрлэгч болгох бодлого баримталж байгаа хэмээн тус тус мэдээллийг Асгат сумын ЗДТГ-аас өглөө.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.