Туслах цэс

Онцлох брэнд

Нефтийн үнэ 100 доллароос давж магадгүй



Нефтийн үнэ 100 доллароос давж магадгүй

Хэдхэн өдрийн өмнө фьючерс хэлцлийн дагуу энэ оны 11 дүгээр сард нийлүүлэх Брент маркийн нефтийн үнэ 81,17 долларт хүрсэн нь 2014 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ байлаа. 

Түүхий газрын тосны үнэ гэнэт 2,6 хувиар өссөн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарчээ. Юуны түрүүнд дурдахад, хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нефтийнхээ үнийг буулгахыг ОПЕК-т хандан уриалсан боловч тус байгууллагын гишүүн орнууд үүнийг нь үл тоомсорлож, 23-ны өдөр Алжирт болсон уулзалтынхаа үеэр олборлолтын хэмжээг өмнөх түвшинд хэвээр байлгах шийдвэр гаргасан. Тэр ч байтугай нийлүүлэлтийн илүүдэл болж, үнэ буурч эхэлсэн даруйд олборлолтоо бууруулах бодлогыг ОПЕК барьж байна.

Гэхдээ ОПЕК-ийн орнууд үнийн асуудлыг 11 дүгээр сард илүү тодорхой хэлэлцэж, олборлолтоо бууруулах эсэх шийдвэрээ 12 дугаар сард Австрийн Вена хотод болох чуулганаар гаргаж магадгүй байгаа юм. ОПЕК ийм төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой болмогц Брент маркийн нефтийн үнэ шууд 2,6 хувиар өслөө.

Нөгөөтэйгүүр, 11 дүгээр сарын 5-наас Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ үйлчилж эхлэхийн өмнөхөн үнэ нэмэгдсэн байж болох.  Учир нь Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрээр Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ гарсан бөгөөд америкчууд Ираны эсрэг хоригоо дахин сэргээсэн билээ. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, хориг сэргэснээр Ираны нефтийн олборлолт өдөрт 1,4 сая баррелиар багасах аж. Үүнээс үүдээд ойрын хугацаанд зах зээлд хомсдол үүссэнээр үнэ өсөх болов уу гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна. Тэгэхээр Д.Трампын уриалсны дагуу үнийг бууруулахын тулд олборлолтыг зориуд өсгөх шаардлагагүй болох юм.

Түүнчлэн Ливи, Венесуэль зэрэг улсын нефтийн экспорт буурч, Мексикийн хойгт халуун орны хуй салхи дэгдэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлнө гэдгийг шинжээчид хэлж байна. Ялангуяа Венесуэльд дэгдсэн нийгэм-эдийн засгийн хямрал улам хурцадсанаас үүдэн олборлолт огцом буурлаа. ОПЕК-ийн эх сурвалжийн мэдээллээр, тус улсад 8 дугаар сард өдөрт 1,24 сая баррель газрын тос олборлосон нь 2016 оны эхэн үеийн олборлолттой харьцуулахад дөнгөж тал хувь нь юм. Түүнээс гадна нийлүүлэлтийн томоохон эх үүсвэр болох АНУ-д занарын нефтийн олборлолтонд хүндрэлүүд гарч, дамжуулах хоолой, ажиллах хүчний асуудал үүсээд байгаа нь олборлолт өсөхөд саад болж мэднэ.

Өндөр үнийн мөчлөг эргээд ирэв үү?  

Газрын тосны салбар дахь дэлхийн хамгийн том трейдерүүд болох Trafigura Group, Mercuria Energy Group Ltd-ийн таамаглаж байгаагаар, Ираны экспорт эрс багассантай холбоотойгоор энэ оны сүүлч, ирэх оны эхээр нефтийн үнэ 2014 оноос хойш анх удаагаа 100 гэсэн тоонд дөхөж очихоор төлөв харагдаж байгаа аж. Зах зээлд өдөрт 2 сая орчим баррель нефтийн хомсдол гэнэт үүссэн тохиолдолд түүнийг тэр даруйд нь нөхөж чадах олборлолтын хүчин чадал байхгүй учраас Зул сарын баярын үеэр нэг баррель нефтийн үнэ 90 доллар, шинэ он гарангуут 100 долларт хүрэх төлөвтэй байна гэж Блүүмбэрг таамаглажээ.

Даваа гарагт Сингапурт болсон Азийн нефтийн салбарынхан болон банкуудын төлөөлөгчдийн жил тутмын уулзалтын үеэр трейдерүүдийн ихэнх нь нефтийн үнэ 100 долларт хүрнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байлаа. Тухайлбал, Mercuria Energy Group-ыг үүсгэн байгуулагчдын нэг Даниэль Йегги хэлэхдээ “энэ оны 4 дүгээр улиралд нийлүүлэлтийн хомсдолыг үүсгэж магадгүй өдрийн 2 сая баррелийг нөхөх хэмжээний нефть зах зээлд алга. Иймээс үнэ 100 доллароос дээш гарч, огцом өсөхийг үгүйсгэх аргагүй” гэжээ.

Bank of America банкны түүхий эдийн судалгааны албаны дарга Франсиско Бланч-ийн ярьснаар бол, ОПЕК-оос өгч буй дохиог анзаарваас, нефтийн үнэ 2008 онд 150 долларт хүрч, дараа нь огцом унаж байсан үе түүний санаанд бууж байгаа гэнэ. 100-150 долларын хооронд хэлбэлзэх өндөр үнэ 2011-2014 онд тогтоод байсан билээ. Тэгэхээр үнэтэй нефтийн эрин үе эргээд ирж байгаа юм биш биз?

Ер нь бол, үнэ 80 гэдэг тооноос давна гэдэг нь сэтгэлзүйн хувьд цаашдаа өсөх хандлага руу орлоо гэдгийн дохио болж байгаа юм. Тэгээд ч дунд болон урт хугацаанд нефтийн үнэ өсөх нь гарцаагүй болоод байгаа билээ. Үнэлгээ, дүн шинжилгээний S&P Global Platts агентлагийн гаргасан таамаглалаар бол, 2023 он гэхэд дэлхийн нефтийн зах зээл дэх эрэлтийн 1/3 нь Хятад улсад ногдох ба дэлхийн хэрэглээ 2017 оныхтой харьцуулахад 154 хувиар өсөх аж. Харин ОПЕК-ийн таамаглаж байгаагаар, эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт 2040 он гэхэд 33 хувиар өсөхөөр байна.

Уналтын ба тогтворжилтын үе

2016 оны сүүлч гэхэд хэт олборлолтын улмаас үүсч, гурван жилийн турш үргэлжилсэн тогтворгүй, тодорхойгүй байдал арилж, нефтийн зах зээл харьцангуй тогтворжсон билээ. Энэ нь ОПЕК-ийн гишүүн орнууд болон гишүүн бус ОХУ зэрэг хэд хэдэн орон олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсний үр дүн юм. Тодруулбал, ОПЕК-ийн гишүүд олборлолтоо 4,5 хувиар, Орос улс 2,7 хувиар танахаар тохиролцсон билээ.                          Харин 2017 оны дунд үеэс энэ оны дунд үе хүртэлх хугацаанд нефтийн үнэ 50 доллароос 75 долларт хүрч 1,5 дахин өссөнийг дурдах нь зүйтэй.

Дээрх тохиролцоог хийхээс өмнө буюу 2014-2015 онд нефтийн үнэ бараг 2 дахин унаад байсан нь нийлүүлэлтийн илүүдэл бий болсонтой холбоотойгоос гадна ОПЕК-ийн гишүүн орнууд зах зээлд эзэлж буй байр сууриа алдахгүйн тулд хямдхан ч хамаагүй үнээр нефтиэ борлуулах бодлогыг барьж, олборлолтоо бууруулах талаар сонсохыг ч хүсэхгүй байсантай холбоотой.

Иран улс хоригоос бултаж чадах уу?

Ер нь бол, нефтийн үнэ бүрэлдэх үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг билээ. Үүнд: эрэлт ба нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн байдлаас гадна экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлүүд, олборлолтын өртөг, нефтийн төрөл марк, сэргээгдэх эрчим хүчний салбарын хэтийн төлөв зэргийг дурдаж болно.

                                                                                                                     

Эдгээр хүчин зүйлсээс хоригийн асуудал үнэд нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүссэнийг дээр дурдсан билээ. Ираны нефтийг худалдаж авахгүй гэдгээ АНУ-ын холбоотнууд болох Өмнөд Солонгос, Япон хоёр болон Европын зарим улс мэдэгдээд байна. Гэхдээ дэлхийн бүх улс орон Д.Трампын хоригийг дагахгүй мэдээж. Тэр тусмаа Хятад, Энэтхэг хоёр хоригийг дагах нь юу л бол.

Түүнээс гадна иранчууд бол хоригоос тойрч бултан, нефтиэ борлуулж сурсан туршлагатай улс. Ийм учраас дээр дурдсанчлан зах зээлд хоногт 1,4-2 сая баррелиар хэмжигдэхээр тийм их хэмжээний нефтийн хомсдол үүсэхгүй байж ч магадгүй.              

1979 оны Исламын хувьсгалаас хойших 40 орчим жилийн хугацаанд Иран улс олон хориг арга хэмжээг сөрөн давж гарсан билээ. Хүний эрхийг зөрчсөн, цөмийн хөтөлбөрөө нууцалсан, терроризмыг дэмжсэн гэх мэт шалтгаанаар барууны орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээ авсаар ирсэн. Иранчууд хоригийн нөхцөлд зохицож амьдраад ирсэн төдийгүй түүнээс бултаж гарах нууц схемүүдийг аль хэдийнэ бий болгоод байгаа.

Иранчууд харьцангуй бага хохиролтойгоор хоригийг сөрөн давж ирсний учир юу вэ? Үүнд хэд хэдэн шалтгаан бий.                                                                                                                    

 -Олон улсын зүгээс хориг тавьсан нөхцөлд Ираны нийгэм улам илүү эв нэгдэлтэй болж, эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж ирсэн.                                                                 --  

-Ихэнх хоригууд нь НҮБ-аас авсан арга хэмжээ биш байсан бөгөөд АНУ эсвэл Европын Холбооны зүгээс дангаараа хийсэн алхмууд байв.

-Хоригийн нөхцөлд нефтийг тодорхой бараа бүтээгдэхүүнээр солих бартерийн худалдааг иранчууд хийж ирснээс гадна тэд валютын нөөцийнхөө ихэнхийг юань, рубль, Энэтхэгийн рупигээр бүрдүүлээд байна. Түүнчлэн олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс Ираныг хассан тохиолдолд тус улс Хятадын CIPS /Chinese International Payment System/ системд шилжиж, газрын тосоо юаниар борлуулж магадгүй.    

-Орчин цагийн дэлхий ертөнц олон туйлт болсон нөхцөлд Иран улсад эдийн засгийн боломж, сонголтууд олон бий. Тухайлбал, Ирантай хамтран ажилладаг гадаадын жижиг компаниуд хоригоос бултан, шинэ технологи, стратегийн чухал түүхий эд материалууд, эд ангиудыг иранчуудад нийлүүлж, газрын тос худалдан авснаар ихээхэн ашиг олдог.  Энэ мэт олон шалтгаанаар Ираны эсрэг хоригийн үйлчлэл саармагжсанаар нефтийн зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй байх магадлалтай.

Үнэ буурах нь АНУ-д үнэхээр ашигтай юу?

Д.Трамп үнэ бууруулахыг уриалсан мэдэгдлийг энэ оны 4 дүгээр сард анх хийсэн тэр үед нэг баррель газрын тосны үнэ 73 доллар байсан.

Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ өдөрт 11 сая баррель нефть олборлож байгаа нь Саудын Арави болон Оростой бараг эн зэрэгцэж ирсэн гэсэн үг. 2014-2016 оны үнийн уналтаас өмнө америкчууд их хэмжээний буюу хоногт 9,6 сая баррель нефть олборлож байсны тал хувь нь занарын нефть байлаа.

Гэвч үнийн уналт эхэлмэгц занарын нефтийн олборлолт шууд 25 хувиар унасан. Өөрөөр хэлбэл, АНУ-д олборлолтын өртөг өндөр байна гэсэн үг. Дундаж өртөг нь баррель тутамд 36 доллар болж байгаа нь Оросын үзүүлэлттэй харьцуулахад 2 дахин өндөр байгаа юм. Олборлолтын зарим төслүүд дээр өртөг 50-аас дээш доллар байгаа. Тэгэхээр Америкийн нефтийн компаниуд нефтийн үнийг хямд байлгахыг сонирхохгүй нь мэдээж. Гэтэл Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн улсын олборлогч компаниудын эрх ашгийг бодолцохгүйгээр үнэ хямдруулахыг уриалж байгаа нь хачирхалтай. Түүний энэ уриалга нь бензиний үнийг хямд байлгаж, сонгогчдыг өөртөө татах гэсэн улс төрийн зорилготой алхам байж болох юм.  

Хятад-Америкийн худалдааны дайн нефтийн үнэд нөлөөлөх үү?

Одоохондоо Хятад улс АНУ-аас нийлүүлж буй түүхийн газрын тосонд гаалийн татвар ногдуулаагүй байгаа бөгөөд байдлыг харзнаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улс Америкаас авч буй нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн юм.

Америкчууд эхлээд Хятадын 50 тэрбум долларын бараанд, дараа нь дахин 200 тэрбум долларын бараанд ногдуулж буй гаалийн татвараа огцом өсгөснөөс үүдэн худалдааны дайн эхэлсэн билээ. Хариуд нь Хятадын тал Америкаас импортолж буй 60 тэрбумын бараанд нэмэлт татвар ногдуулсан. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Д.Трамп дахиад 267 тэрбумын бараанд татвар ногдуулж магадгүй гэж анхаарууллаа. Тэрбээр үүнийгээ үнэхээр хэрэгжүүлэх аваас хятадууд АНУ-аас нийлүүлж буй түүхий газрын тосонд нэмэлт татвар ногдуулж магадгүй юм.  

Гэхдээ Америкийн түүхий нефтэнд татвар ногдуулах нь дэлхийн зах зээлийн ханшид заавал нөлөөлнө гэсэн үг бишээ. Учир нь, америкчууд ямар ч асуудалгүйгээр өөр худалдан авагчдыг олж чадах бол Хятад улс хэрэгцээт нефтиэ өөр газраас татах боломжтой. Өөрөөр хэлбэл, худалдааны бүтэц л өөрчлөгдөхөөс биш зах зээлийг сандралд оруулахаар хэмжээний суурь өөрчлөлт гарахгүй гэж шинжээчид үзэж байна.

АНУ-Хятадын худалдааны дайны нефтийн зах зээлд үзүүлэх нөлөө нь дам байдлаар буюу “гаалийн тариф”-ын дайны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах тэр үед мэдрэгдэж эхэлнэ гэж шинжээчид дүгнэжээ. Харин одоогоор ийм зүйл ажиглагдахгүй байна.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: http://www.montsame.mn  Б.Адъяахүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.