Туслах цэс

Онцлох брэнд

Эрдсийн экспорт 20%-иар өсөв



Эрдсийн экспорт 20%-иар өсөв

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.4%-иар өссөн байна. Энэ дундаа нийт экспорт 1.1 тэрбум ам.доллар /30.4%-ийн өсөлттэй/, импорт 837.5 сая ам.доллартай /15.4%-ийн өсөлттэй/ тэнцжээ. Гадаад худалдааны нийт тэнцэл өнгөрсөн сард 256.1 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 143.7 сая доллараар өссөн дүн юм. 

Улсын нийт экспорт, импорт, тэнцэл 
(сараар/сая ам.доллар)

Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сарын хувьд экспорт, импорт хоёул өмнөх нэгдүгээр сарынхтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ.

Хоёрдугаар сарын байдлаар эрдсийн экспорт 826.2 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 19.6%-иар өсчээ. Орлогоор тэргүүлэгч салбар болох нүүрсний экспорт 334.2 сая ам.долларт хүрч 36.2%-иар нэмэгдсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ эхний хоёр сард 4.07 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25.5%-иар давлаа. Гэхдээ сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн хоёрдугаар сард нүүрсний экспортын биет хэмжээ 1.91 сая тоннтой тэнцсэн нь өмнөх нэгдүгээр сарынхаас 251 мянган тонн буюу 12 орчим хувиар буурсан дүнтэй гарлаа.

Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 229.4 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж 309 сая ам.долларын орлого олсон нь биет хэмжээгээр 11.8%-иар, үнийн дүнгээр 12.5%-иар тус тус нэмэгдсэн байна. Боловсруулсан цэвэр зэсийн хувьд мөн хугацаанд 1521 тонн бүтээгдэхүүн экспортолж, 8.9 орчим сая ам.долларын орлого олсон нь жингээр 34.5%-иар, орлогын тухайд 43.8%-иар тус тус буурчээ.

Түүхий газрын тосны тухайд манай улс өнгөрсөн сарын байдлаар нийтдээ 1 сая баррелийн экспорт хийсэн бөгөөд 53 орчим сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь биет хэмжээгээр өнгөрсөн оны түвшинд, харин үнийн дүнгээр 15.4%-иар буурчээ.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт өнгөрсөн сард 4.7 тоннд хүрч, орлогын дүнгээр 196 орчим сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 2.8 дахин, орлогоор 2.7 дахин нэмэгдсэн дүнтэй байна. Гэхдээ Монголбанкны мэдээлж буйгаар алт худалдан авалт оны эхний хоёр сарын байдлаар 84.1 кг-д хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81%-иар буурсан үзүүлэлт болохыг мэдээлсэн билээ.

Төмрийн хүдрийн экспортын хувьд өнгөрсөн сард нийтдээ 1.2 орчим сая тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 52.2 сая ам.доллар олсон нь биет хэмжээгээр 26.7%, орлогын дүнгээр 31.8%-иар тус тус өссөнийг илтгэв.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн сард 24.6 мянган тоннд хүрч, 34.4 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингээр 16.5%-иар өссөн боловч орлогын дүнгээр 7.3%-иар буурсан байна.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт оны эхний хоёр сарын байдлаар 69.2 мянган тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 39.9%-иар нэмэгдсэн бол орлогын хувьд 23.3 сая ам.доллар олж 49.1%-ийн өсөлтийг харуулав.

Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт хоёрдугаар сарын байдлаар 3 мянган тоннд хүрч 7 сая ам.долларын орлого олсон нь жингээр 22.5%, үнийн дүнгээр 5.8%-иар тус тус өсөв.

Молибденийн баяжмалын экспорт биет хэмжээгээр 0.9 мянган тонн, орлогын дүн 8.2 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь жингээр ялимгүй бууралттай, үнийн дүнгээр 34.8%-иар нэмэгдсэн байна.

Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн сард 45 тоннд хүрч, 495.3 мянган ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 11.6%-иар, үнийн дүнгээр 19.2%-иар тус тус буурчээ.

 

 

Эх сурвалж: ҮСХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.