Туслах цэс

Онцлох брэнд

Д.Сумьяабазар: Татварыг нь 2.5 хувь байлгаснаар эх орондоо алтаа үлдээх боломжтой



Д.Сумьяабазар: Татварыг нь 2.5 хувь байлгаснаар эх орондоо алтаа үлдээх боломжтой

“Нүүрс тээвэрлэхэд гарч буй бөөгнөрөл, гацааг арилгах талаар БНХАУ-ын талтай ярилцаж байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” гэхэд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой” хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өчигдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Тэрээр, “Урд хөрш рүү нүүрс тээвэрлэлт жил бүрийн эцэс, шинэ оны эхээр байнга буурдаг. Бид өдөрт 1500-1700 машиныг хилээр нэвтрүүлэхээр тохирдог ч оны эцэс болоход өдөрт 200 машин болж буурдаг. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани дээд хэмжээгээрээ ажиллаж, 15 сая тонн нүүрс экспортод гаргасан. Би тээвэрлэлтийн асуудлыг цэгцлэх талаар БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо, Гадаад худалдааны яамтай хамтран ажиллаж байна. Төмрийн экспортыг 15 сая тоннд хүргэх хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-ын холбогдох хүмүүстэй удаа дараа уулзсан” хэмээв.

Салбарын үзүүлэлтийн талаар мэдээлэхдээ, “2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт хоёр их наяд 51.5 тэрбум төгрөгийг татвар, хураамжаар төвлөрүүлснийг дуулгалаа. Үүнээс:

  • Алт 80.0 тэрбум төгрөг,
  • Нүүрс 910.6 тэрбум төгрөг,
  • Цайр 76.9 тэрбум төгрөг,
  • Зэс 871.9 тэрбум төгрөг,
  • Төмөр 17.1 тэрбум төгрөг,
  • Жонш 16.3 тэрбум төгрөг,
  • Бусад 78.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Уул уурхай, аж үйлдвэрийн салбараас улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өссөн байна. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуулсан юм.

-Ашигт малтмал ашигласны татвар есөн хувь болж нэмэгдсэнээр алт тушаалт буурсан уу?

-Би ч үүнд санаа зовж байна. Би аль нэг алтны компанийг дэмжээгүй. Хамгийн сүүлд, оны эцэст Монголбанк 22 тонн алт авсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс 800 сая ам.долларын орлогыг бүрдүүлсэн нь Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, улмаар ханш буурахад нөлөөлж байгаа. Гэтэл энэ нэгдүгээр сард алт тушаалт зургаа дахин буурсанбайна. Алтны татвар 2.5 хувь байснаар алтаа Монголдоо авч үлдэх боломжтой. Алтны шороо шууд валют болдог. Гэхдээ алт олборлолтын салбарт хариуцлагатай уул уурхай орхигдсоныг бид хүлээн зөвшөөрнө. Энэ талаар хийх ажил их байгаа. Цагаан сарын дараа алтны татварын талаар УИХ-аар дахин хэлэлцэнэ.

-Салхитын ордыг төрийн мэдэлд авснаар тус ордыг эзэмшиж байсан БНХАУ-ын компанид нөхөн олговор олгох уу?

-Тэнд ажиллаж байсан компанийг шалгаж, хууль зөрчсөнийг илрүүлсэн. Засгийн газрын ХЭГ, манай яам, Ашигт малтмал, газрын тосны газартай ярилцаад ордын тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн.

 
Нөхөн олговор олгох эсэхийг судалж байгаа. Тусгай зөвшөөрлийг цаашид төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани эзэмшинэ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлсэн гэдэг үнэн үү?

-“Монголын зэс” корпорац яагаад компаниа Сингапурт бүртгүүлснийг шалгаж байна. Үүнээс өөр мэдээлэл алга.

-Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хамрын хийдийн ойролцоо Хятад компани нүүрс олборлох зөвшөөрөл авсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Монголчуудын тахиж шүтдэг газар Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн лиценз олгосон нь байж болшгүй, ёс зүйгүй асуудал. Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн юм билээ. Манай яамны хуулийн хэлтэс энэ асуудлыг шалгаж байгаа. Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцална. Энэ хэсгийн тусгай зөвшөөрлийн тухайд 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг нь авсан юм билээ. Шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн багтсан, хэргийн эздийн мэдээллийг бид ил болгоно. Уул уурхай, аялал жуулчлалын салбар тус тусдаа байх ёстой. Шүүгчид Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг сайтар ухамсарлаасай. Нэг талаас мэргэжлийн хяналтынхан ажиллаад хүчингүй болгоход нөгөө талаас шүүх эсрэг шийд гаргаж болохгүй. Уул уурхайн яамнаас лицензийг нь сэргээсэн мэтээр худал мэдээлэл тарааж байна.

-Шатахууны үнэ буураад байгаа нь хэр үргэлжлэх вэ?

-Олон улсын зах зээлд шатахууны үнэ өсөхөд үнэ нь дагаад өсдөг, буурахад манайд ч буурдаг байх ёстой. Гэхдээ хоёрдугаар сарыг дуустал үнийн хэлбэлзэл тогтвортой байна гэсэн таамаг бий. Гуравдугаар сарыг урьдчилан хэлж мэдэхгүй байна.

-Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Керосин оруулж байгааг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Иймд керосин импортлох бол өндөр татвар төлдөг болох ёстой.

 

 

 

 

 

 

Эх сурвалэж: montsame agency

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.