Туслах цэс

Онцлох брэнд

Налайхын замын ажлын хэсгийг Зам, тээврийн дэд сайд ахална



Налайхын замын ажлын хэсгийг Зам, тээврийн дэд сайд ахална

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар өмнө мэдээлсэн.

Тэгвэл дээрх автозамын төслийн гүйцэтгэлийг хянаж, хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Т.Халтар ахлахаар болов. Засгийн газраас төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэн, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулахыг холбогдох сайд нарт мөн даалгаад байна.

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг энэ өвөл бүрэн хийж, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгоод байгаа билээ. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна. Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэн хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажлыг хийж дуусгах юм.

Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр болоод байна. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, ААН-үүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.

 
 
 
 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.