Туслах цэс

Онцлох брэнд

Оюу толгойн ашигладаг хэт гүний ус малчдын усанд ямар ч нөлөөгүйг би баттай хэлнэ



Оюу толгойн ашигладаг хэт гүний ус малчдын усанд ямар ч нөлөөгүйг би баттай хэлнэ

-Ярилцлагын эхэнд та бидэнд мэргэжлийнхээ тухай товч танилцуулаач. Гидрогеологич мэргэжлийн гол онцлог юу вэ?”

-Гидрогеологи нь геологийн шинжлэх ухааны бие даасан салбар шинжлэх ухаан юм. Бид газрын доорх усыг судалдаг. Тухайн усны чанар, найрлага, хөдлөл зүй, нөөц, тэжээмж болон хэзээ үүссэн нас зэрэг бүх зүйлийг судалдаг.      

Газрын доорх ус гэдэг нь газар доор чулуулгийн нүх сүвийн завсар агуулагдах усыг хэлдэг. Монгол орны хэмжээнд тархсан чулуулгийн онцлог, шинж чанараас хамааран газрын доорх ус агуулах болон хөдөлгөөнд орох нөхцөл, чанар найрлага нь харилцан адилгүй. Хангайн бүс уулархаг, голдуу хатуу чулуулгаас тогтсон уул нуруудтай, уулс хоорондын хөндий, голын хөндийгөөр газрын доорх ус хуримтлагддаг. Харин хур тунадас бага унадаг говьд томоохон хотгоруудыг дүүргэсэн тунамал чулуулаг, хуурай сайруудаас газрын доорх ус агуулагдаж хөдөлгөөнд ордог онцлогтой. Монгол орны газар зүй, цаг уурын нөхцөлөөс хамааран усны нөөц өөр өөр.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Манай ах дүү нарын дунд гидрогелогич, өрөмдлөгийн мэргэжилтэй хүмүүс бий. Би хүүхэд байхдаа техникт илүү сонирхолтой, авто инженер эсвэл цэргийн хүн болох бодолтой байсан юм. Аав маань армид 29 жил алба хаасан. Онцгой байдлын хурандаа цолтой, цэргийн хүн байсан. Аравдугаар ангиа төгсдөг жил аав надад гидрогеологи, гео-экологич, инженер-геологич гэсэн гурван салбар ирээдүйд эрэлттэй мэргэжил болно гэж зөвлөснөөр би мэргэжлээ сонгосон доо.

-Та 1998 онд дунд сургуулиа төгсчээ. Тухайн үед уул уурхайн салбар удахгүй улс орныг тэжээх гол салбар болно гэдгийг яаж мэдсэн юм бол?

-Тухайн үед бид Оюу толгой, Таван толгойн ордын тухай мэддэггүй, сураг ч байгаагүй. 1997 оноос Оюу толгой ордын хайгуул, судалгааг идэвхжүүлсэн. Харин энэ талаарх мэдээлэл нийгэмд хомс байв. Оюутан болсны дараа хүмүүсийн дунд Оюу толгой гэх уурхай нээжээ, тэнд ажиллах юмсан гэсэн яриа гарах болсон. Би 2003 оны хавар сургуулиа төгсөөд, намар нь Оюу толгойд ажилд орсон юм. Багш нартайгаа уулзахаар нэг өдөр сургууль дээрээ очтол багш “Айвенхоу майнз” компанид Оюу толгойн усны хайгуулын төсөл дээр гидролгеологичийн хоёр орон тоо гарсан байна. Та нар сонирхох бол материалаа өгөөрэй гэж зөвлөсөн. Манай ангийн хэдэн охид, залуус ажилд орох ярилцлагад орж, Д.Болдхуяг бид хоёр тэнцэн, маргааш өглөө нь эрт Оюу толгойд анх хөл тавьж билээ. Ингэж л ажилд орсон доо.

-Их шуурхай шийдвэрлэжээ.

-Тэгсэн. Би 2003 оноос хойш 15 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

-Анх уурхайн талбайд очиход ямар орчин нөхцөл угтсан бэ?

-Тухайн үед Оюу толгойн талбайд геологи хайгуулын төв анги, Галбын говьд Булан Сухайт, Шар Хошуу гэдэг газар усны хайгуулын хоёр анги байрлаж байв.

Гуч хоног ажиллаад, арван өдөр амарна. Тэр үед Ханбогд суманд гар утасны сүлжээ нэвтрээгүй байсан болохоор гэрийнхэнтэйгээ утсаар ярихын тулд сумын холбоонд очиж, дугаарлана. Оюу толгой уурхайд суурин утас ажилладаг байлаа. Бид ажлаа тараад дугаарлаж, тэр утсаар гурван минут л ярина. Бидний хажууд хамгаалалтын нэг ажилтан хяналт тавьж, байнга зогсоно. Тэр хүний хажууд ярина шүү дээ. 

Харин одоо бол их өөр болсон. 14/7 хоног гэсэн хуваариар ажиллана. Чөлөөт цагаа өнгөрөөх фитнес, биллиард, уушийн газар, номын сан, кино театр бий, интернэтэд холбогдсон. Хүн ажиллаж амьдрах бүх бололцоог бүрдүүлсэн.      

-Усны хайгуулын анги хэчнээн хүнтэй ажиллаж байв?

-Усны хайгуулын төсөл 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй, UDR650, UDR2500 маркийн гурван өрмийн машинтай, бие даасан, хайгуулын хоёр суурин ангитай, их том төсөл байсан юм. Усны төслийн менежер геофизикч С.Санждорж ах багаа ахална. Гидрогеологич Г.Өлзийбаяр, А.Түвдэндорж, Н.Мөнхбаатар, Ш.Чулуунбаатар гэх мэт Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй хамт ажилласан. Энэ хүмүүс Монголдоо газрын доорх усны эрэл хайгуулаар мэргэшсэн, мундагчуул байгаа юм.

-Таны мэргэжлийн бахархал юу вэ? 

-Дэлхийд томд тооцогдох зэсийн уурхайг ашиглахад шаардлагатай усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаанд гар бие оролцож, усны асуудлуудыг нь хариуцан одоо ч ажиллаж байгаагаараа бахархдаг.

-Та бүхэн ажлаа англи хэл дээр явуулдаг байх. Та Монголд дээд боловсрол эзэмшсэн. Англи хэл яаж сурав?

-Анх ажилд ороход зөвлөх гидрогеологич, өрмийн мастерууд маань гадаад хүмүүс байсан. Эхний үед хэл нэвтрэлцэх гэж хөглөнө. Явцын дунд хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Одоо ч ажлынхаа хажуугаар сургалтад суун, цахим хичээл үзэж, англи хэлээ улам сайжруулж байна. Компанийн зүгээс ажилтнуудыг сургалтад хамруулдаг. Мэдээ тайлангаа англиар бэлтгэдэг тул зайлшгүй сурах ёстой.      

-Рио Тинто компаниас ажилчдаа өөр уурхайд томилох замаар туршлага судлуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг үү?

-Би 2030 усны нөөцийн бүлгийн гишүүн. Энэ бүлгийг Дэлхийн эдийн засгийн форумын дэргэд байгуулсан юм. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлээр дамжуулан 2030 он гэхэд усны нийлүүлэлт, эрэлтийн зөрүүг багасгах, арилгах зорилготой.

Энэ бүлгийг усны нөөцийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг шинэчлэх, усны нөөцийн асуудлыг засгийн газрын зүгээс шийдэхэд салбарынхныг татан оролцуулах зорилгоор, албан бус хөтөлбөр байдлаар 2008 онд байгуулсан. Усны нөөцийн бүлэгт Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Швейцарийн хөгжлийн агентлаг, үндэстэн дамнасан хувийн хэвшлийн компаниуд зэрэг түншүүдийн консорциум багтдаг. Энэ бүлгийн шугамаар 2015 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын хэд хэдэн уурхайд очиж, туршлага судалсан.

Мөн 2017 оноос эхлэн "Глобал Номадс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр монгол ажилтнуудын ур чадварыг хөгжүүлж, олон улсын туршлага олгох зорилгоор Рио Тинтогийн салбаруудад хоёр жил хүртэл хугацаагаар гэр бүлийнх нь хамт явуулж ажиллуулдаг. Энэ оны байдлаар 40 гаруй ажилтан Америк, Австрали, Сингапур, Лондонд байрлах Рио Тинтогийн салбаруудад амжилттай ажиллаж байна.

-Та Байгаль орчны хэлтэст ажилладаг. Танай хэлтэс хэдэн гадаад мэргэжилтэнтэй вэ?    

-Манай хэлтэс хориод хүний бүрэлдэхүүнтэй. Ус ба хог хаягдал, химийн бодисын менежмент, Газрын асуудал, орчны хяналт шинжилгээ, Биологийн олон янз байдал, Ургамалын судалгаа нөхөн сэргээлт гэсэн дөрвөн багтай. Биологийн олон янз байдал хариуцсан ерөнхий зөвлөх нэг гадаад хүн бий. Усны хайгуулын төсөл дууссан учраас одоо ус хариуцсан гадаад мэргэжилтэн байхгүй. Байгаль орчны хэлтсийн менежер монгол хүн. Бид дотоодын компаниас гидрогеологийн зөвлөх үйлчилгээ авдаг. Манай хэлтэст дан Монголчууд ажилладаг.

-Ордын усны нөөцийг тогтоон, энд уурхай нээхэд усан хангамжийн хувьд боломжтой гэдэг дүгнэлтийг хэзээ хийсэн юм бэ?

-Усны нөөцийг тогтоохын тулд эхлээд талбайн геофизикийн судалгаа хийнэ. Сонгосон талбайдаа цахилгаан соронзон хайгуул хийдэг юм. Үүний үр дүнд үндэслэн усны цооног өрөмдөх цэгүүдээ тогтооно. Дараа нь цооногоо өрөмдөн шавхалт туршилт хийж, шаардлагатай бүх мэдээллээ цуглуулсны үндсэн дээр нөөцийг тогтоодог.

“Оюу толгой” ХХК газар доорх усны эрэл хайгуулыг уурхайн 100 км радиуст буюу Галбын говь, Гүний хоолой, Нарийн заг зэрэг талбайд 2003-2005, 2007 онд хийсэн. Энэ хайгуул судалгааны үр дүнгээр гүний хоолойн газар доорх усны ордын нөөцийг 2009 онд баталсан юм. Ингээд БОАЖЯ-ны дэргэдэх Усны нөөцийн зөвлөл 870 л/с ус ашиглалтын нөөцийг албан ёсоор баталсан. Дараа нь 2012-2014 онд нэмэлт хайгуул, судалгаа явуулж 2015 онд ордын нийт нөөцийг 918 л/с гэж Усны нөөцийн зөвлөл шинэчилсэн. Энэ хэмжээгээр ашиглахад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг.  

-Ер нь говийн бүсийн усны нөөцийн судалгааг танай хайгуулын багаас өмнө хийсэн болов уу?

-Мэдээж хийж байсан. Гүний хоолойн хотгор 2002 оныг хүртэл гидрогеологийн хувьд туйлын бага судлагдсан нутагт хамаарч байлаа. Тус хотгорын ай савын хэмжээнд Өмнөговь аймгийн Усны аж ахуйг удирдах газар бэлчээр усжуулах болон сум, багийн төвийн усан хангамжийн зориулалтаар хэсэгчилсэн (цэгийн) цахилгаан хайгуулын гүний тандалт хийсэн юм.

Газар доорх усны хуримтлалын цэгчилсэн тодорхойлолтоор цөөн тооны гүний өрөмдмөл, уурхайн болон богино яндант худаг гарган, тухайн орон нутгийн усан хангамжийг шийдсэн. Бид Оюу толгойн усны хайгуул судалгаанд тухайн үеийнхээ хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашигласан юм. Өмнө нь гидрогеологийн хайгуул судалгаанд 90-ээд онд Галбын говьд 170 метр, Ховд аймгийн Чандмань суманд дээд тал нь 300 орчим гүнтэй гүний худаг өрөмдсөн юм. Техникийн хүчин чадал бага байснаас их гүнд байгаа нөөцийг олох боломж хомс байв. Харин бид Галбын говьд гүний дэвсгэр чулуу хүртэл 450-500 метрийн гүнд өрөмдсөн нь манай усны салбарын түүхэнд анхных.        

-Оюу толгойн ордыг ашиглаж эхэлснээр манай улсын усны салбарт өөр ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?

-Ордын нөөцийг нэгэнт тогтоочихсон. Ордыг урт хугацаанд, тогтвортой ашиглахад мониторингийн судалгаа их чухал. Бид ажилдаа хүн биеэр гүйцэтгэдэг ажлуудыг хялбарчлан, өгөгдлийг өөртөө хураан авдаг автотөхөөрөмжүүд ашиглаж байна. Усны түвшинг хэмжихдээ сүүлийн үеийн багаж, төхөөрөмж ашигладаг. Усны нөөцийн тооцоог хийхдээ загварчлалын аргыг ашигласан. Манай мэргэжилтнүүдийн дийлэнх нь орос “школ”-той тул барууны аргачлалаар тогтоосон нөөцөө харьцуулан судалсан.

-Оюу толгойг түшиглэн хот байгуулах ёстой гэж үзэх хүмүүс бий. Гэтэл говь усны хомстолтой. Таны бодлоор Оюу толгойд хот байгуулах боломжтой юу?   

-Миний хувийн бодол бол уул уурхайн томоохон төсөл хэрэгжих явцад суурин газар бий болох нь зайлшгүй. Оюу толгойгоос 40 км-ын зайд оршдог Ханбогд суманд олон хүн төвлөрчихлөө. Бүтээн байгуулалтууд ид өрнөж буй тул энэ сум ирээдүйд хот болон хөгжих учиртай.

Хот байгуулахад усан хангамж, авто зам, дэд бүтэц, цахилгааны хангамж маш чухал. “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр Ханбогд сумын усны эрэл, хайгуулыг 2013-2014 онд хийсэн. Ус ашиглалтын нийт нөөц нь 37л/с буюу 3200м3/хоног, 20 жилийн хугацаатай тогтоон, БОАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөл баталгаажуулсан юм.

Ингээд Ханбогдод “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ыг 6.9 сая ам.долларын өртгөөр барьсан. Сумын иргэдэд найдвартай, ундны цэвэр усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэж байна. Цогцолбор ашиглалтад орсноор Ханбогдын хөгжлийг тэтгэх чухал дэд бүтэц болсон. Эхний ээлжид 13,000 хүнийг ундны усаар хангах хүчин чадалтай. Цогцолборыг цаашид хүчин чадлыг нь цаашдаа өргөтгөөд 32,000 хүнийг цэвэр усаар хангах боломжтой. Одоо Ханбогд 7,000 орчим оршин суугчтай.

Ус хангамжийн нэгдсэн системд одоогоор сум дундын эмнэлэг, цэцэрлэг, сум дундын шүүх гэх мэт албан байгууллагуудыг холбосон. Хэрэв ирээдүйд энэ сумыг хот болгоно гэвэл усан хангамжийг нь шийдчихсэн гэсэн үг. Цахилгаанд холбогдсон. Оюу толгой-Ханбогд сумын хооронд барьж байгаа 35.1 км хатуу хучилттай авто замын ажил амжилттай үргэлжилж байна.

Шинэ хот байгуулах, эсэхийг төр бодлогынхоо дагуу шийдэх байх. Түүнээс аль нэг хувийн компани дангаараа шийдэхгүй болов уу.

-Ханбогд суманд яагаад ус цэвэршүүлэх байгууламжийг барьсан юм бэ?

-Учир нь говийн гүний ус эрдэсжилт, хатуулаг ихтэй. Энэ үйлдвэр олон давхар шүүлтүүрээр усыг шүүн, зөөлрүүлж унданд хэрэглэхэд илүү тохиромжтой болгодог. Манай улсын өөр сум, суурин газарт одоогоор ийм хэмжээний ус цэвэршүүлэх байгууламж байхгүй. Өмнө нь зөөврийн худагтай байсан бол одоо ус түгээх шугам барьсан тул хүмүүс ус түгээх худгаас усаа авч байна. Эхнээсээ зарим айл усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдож байна. Үүнээс гадна ахуйн бохир ус цэвэршүүлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.          

 

-Уул уурхайн бусад компанитай харьцуулахад Оюу толгой ус ашиглалт, усны хайгуулын зөвшөөрөл авахдаа ямар нэг давуу тал эдэлсэн үү?  

-Хууль том жижиг гэлтгүй бүх компанид ижил үйлчилнэ. Бидэнд давуу эрх олгон, усны нөөцийг баталсан гэж би бодохгүй байна. Усны нөөцийг БОАЖЯ-ын дэргэдэх Усны нөөцийн зөвлөл хэлэлцэн баталдаг. Энэ зөвлөлд мэргэжлийн хүмүүс багтдаг. Тэд бидний хийсэн тооцоо судалгааг шалган, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргадаг. Ус ашиглалтад маш олон байгууллага шат шатандаа хяналт тавьдаг. Усны нөөцийг Усны нөөцийн зөвлөл хянаж баталдаг. Бүх ААН жил бүр ус ашиглах дүгнэлт гаргуулна. Энэ дүгнэлтийг "Монгол Улс” төрийн өмчит үйлдвэрийн газар тухайн ААН байгууллагын уулын ажлын төлөвлөгөө, ажлын цар хүрээнд тохируулан үйлддэг. Энд заасан хэмжээгээр л ААН-үүд ус ашиглана. Үүнд нь сав газрын захиргаад хөндлөнгийн хяналт тавьдаг юм. Манай улсад 29 сав газрын захиргаа бий. Мөн уурхайн талбай дээр тухайн орон нутгийн байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, татварын хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажилладаг.    

-Оюу толгойн улмаас нутгийн иргэд ундны усгүй болж, зөөврийн машинаас усаа авч байна гэдэг мэдээлэл тархсан.

-Нутгийн иргэд ундны усгүй болсон гэдэг нь ташаа мэдээлэл. Иргэд, малчдад уурхай гүний усыг ихээр ашигласнаас усгүй болох вий гэсэн болгоомжлол өнгөрсөн хугацаанд байсан. Бид 2011 оноос өнөөг хүртэл нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээг хамтран хийж ирлээ.

Малчид өөрсдөө худгаа хэмжиж, Оюу толгойн хяналт шинжилгээний дүн мэдээтэй тулган, малчдын ашиглаж буй худгийн усны түвшний хэлбэлзэл олон хүчин зүйлээс шалтгаалдаг болохыг ойлгосон. Хамгийн чухал нь уурхай ус ашигласнаас усны хомсдол, бууралт үүсээгүй гэдгийг ч ойлгосон.

Орон нутгийнхны оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ одоо ч үргэлжилж байна. Харин ч илүү өргөжиж, иргэдийг төрийн бус байгууллага болгон зохион байгуулахад компани дэмжлэг үзүүлэн, байгаль орчны бүрдэл хэсгүүдэд цогц хяналт шинжилгээ хийж эхэлсэн.

Өнгөрсөн зун гантай байсан тул бид зарим малчдад ус зөөвөрлөн тусалсан юм. Энэ нь сайн хөршийн харилцаанд тулгуурласан, сайн дурын ажил. Сум орон нутгийн захиргаанаас зохион байгуулалтад оролцон, захиргаа-малчин-компани буюу гурван талаас харилцан ярилцаад, журам боловсруулж, мөрдөөд хоёр жил боллоо. Зөвхөн ус төдийгүй уурхайн ашиглалтын талбайд зөвшөөрөлтэйгээр, зохион байгуулалттайгаар буюу хяналттайгаар малыг нь бэлчээдэг.

Эдгээрийг цаг агаар хүндэрсэн үед уурхайн талбайн ойролцоо нутаглаж буй малчдад сайн санааны үүднээс туслах гэж хийсэн. Хур тунадаснаас шууд хамааралтай, гүехэн гар худгийн ус ялангуяа хавар хамгийн бага түвшинд очдог. Энэ үед олон мал услах хүчир ажилд нь тус болсныг хариуцлагатай уул уурхайн шилдэг туршлага гэж бид ойлгодог.

Малчдын ашигладаг бага гүнтэй, энгийн уурхайн гар худгууд 5-10 метр гүн буюу газрын гадаргад хамгийн ойрхон ус л даа.

 

-Уурхайн үйл ажиллагаанд гүний ус татан хэрэглэх нь цөлжилт нэмэгдэхэд нөлөөлдөг үү?    

-Говийн бүсэд гадаргын усны эх үүсвэр хомс тул уурхайн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд газар доорх усыг ашигладаг.

Цөлжилтийн тухайд дэлхийн дулаарал, бэлчээр талхлалт шууд нөлөөлдөг. Мал өссөнөөс бэлчээр доройтож байна. Бидний баттай мэдэж байгаа зүйл бол бидний ашиглаж байгаа хэт гүний ус малчдын хэрэглэж буй усанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Уурхайг нээснээр цөлжилт нэмэгдээгүй. Бид бэлчээрийн, ургамлын, газар доорх усны судалгааг үргэлжлүүлэн хийсээр байна.

-Та бүхэн хэрэглэсэн усаа дахин ашиглахдаа ариутгал гэх мэт ямар нэг шат дамжлагаар оруулдаг уу?

-Ахуйн бохир ус цэвэршүүлэх байгууламж нь 4 шашлал бүхий механик, биологийн аргаар усаа Монгол Улсын стандартын дагуу цэвэршүүлээд, баяжуулах үйлдвэрийн технологийн усны хэрэгцээнд дахин ашиглаж байна. Мөн усаа зам талбайн тоосжилт бууруулахад ашигладаг. Зөвхөн уул уурхайн компани гэлтгүй нийтээрээ энэ дамжлагыг хэвшүүлчихвэл ус ашиглалт ихээхэн буурна. Бид нийт усныхаа 85 хувийг эргүүлэн ашигладаг. Үлдсэн хувийг гүний хоолойн газрын доорх усны ордоос нөхөн сэлбэлтээр хангадаг юм.   

-Уул уурхайн салбарыг олон хүн усны мангас гэж бодон, энэ салбарыг дэмжихээс илүүтэй болгоомжилдог. Уул уурхайн олборлолт, боловсруулалтад тийм их ус шаардлагатай юу?

-Бид зэсийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг. Бусад орны зэсийн уурхайд ч энэ технологийг ашиглаж байна. Мах боловсруулах, цемент үйлдвэрлэл, газар тариаланд уул уурхайгаас ч их ус ашигладаг. Зарим хүн шүүмжлэлтэй ханддаг ч манай улсын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрч байна. Энэ салбарын компаниудын үйл ажиллагаа доголдвол Монголын эдийн засаг хүнд байдалд орно гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Ус ашиглаж болно. Ашигласан усаа дахин ашиглах технологийг л уул уурхай гэлтгүй бүх салбар үйлдвэрт нэвтрүүлмээр санагддаг.

-Төрөөс ААН-үүдэд усаа дахин ашигладаг болгох албадлагын арга хэмжээ авч болохгүй юу. Үгүй бол компаниуд ус дахин ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулахыг хүсэхгүй.

-Энэ алхам руу ойртож байна. Усаа дахин ашигладаг бол татварыг нь хөнгөлөх, ус дахин ашиглах тоног төхөөрөмж импортолбол гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтийг судалж байгаа юм билээ.      

-Зарим хүн 2020 оноос манай улс усны гачигдалд орно гэдэг. Энэ аюул бодитой юу?

-Тогоонд нь ажиллаж амьдарч байгаагийн хувьд би үүнтэй санал нийлэхгүй байна. Усны асуудалд санаа зовох нь зөв. Төр засаг, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд гээд бүгд л усаа хэрхэн зөв ашиглах вэ гэдгийг анхаарах ёстой. Усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, усаа эргүүлэн ашиглах шаардлага бий. Гадаргын усыг хуримтлуулах далан барьж, говь руу шилжүүлэх талаар судалж эхэлсэн нь сайн хэрэг. Ийм төслүүд бусад оронд амжилттай хэрэгжиж байна. Хэрлэн говь, Орхон говийн төслүүд олон засгийн газрын нүүрийг үзлээ. Ус шилжүүлснээр зөвхөн уул уурхайн компанийг усаар хангахгүй, бүс нутгийн хэмжээнд усан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгоно.    

-Оюу толгой компанийн усны бодлогыг танилцуулахгүй юу?

-Усыг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодлого баримталдаг. Бидний явуулж буй үйл ажиллагаанаас хамаарч байгаль орчин болон малчдын хэрэглэж байгаа усны нөөц чанарт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Үүний төлөө ажиллаж байна. Бид усыг хэмнэн, дахин ашигласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж буй нийт усны 85 хүртэл хувийг эргүүлэн ашиглаж байна. Оюу толгойд 1 тн хүдэр баяжуулахад 550 литрээс бага ус хэрэглэж байгаа нь дэлхийн бусад зэс-алтны уурхайн баяжуулах үйлдвэрт ашиглаж буй усны (1220 л/тн) тал хувиас ч бага. Бид ус ашиглалтын төлбөрт 2017 онд нийт 15 тэрбум 2018 оны 1-8 дугаар сарын байдлаар 8 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн төсөвт төлсөн байдаг.

-Далд уурхайг барих явцад гүний ус нэвчих гэх мэт бэрхшээл тулгарч байгаа юу?

-Хойд Хюго далд уурхай гидрогеологийн нөхцөлийн хувьд усгүй, хуурай уурхай. Бүх усыг гаднаас авна. Далд уурхайн үйлчилгээний зориулалттай усыг уурхайн малталт нэвтрэлт, олборлолтын ажлын үед өрөмдлөгийн цооног угаах, тоос дарах болон бусад туслах дамжлагад ашиглана. Үйлчилгээний зориулалттай техникийн усаар хангах системийн зохиомж нь уурхайн оргил ачааллын шаардлагад тулгуурлан тодорхойлогдсон байдаг. 

-Ер нь гүний ус шавхагддаг уу?

-Газрын доорх усны ордын тэжээгдлээс хамаарна. Мэдээж тогтоосон нөөцөөс хэтрүүлэлгүй, зөвшөөрсөн түвшинд ашиглавал сөрөг нөлөө учруулахгүй. Оюутолгой 918 л/сек-ын ашиглалтын хэмжээг үйл ажиллагааныхаа турш давуулж болохгүй. Одоо бид 520 л/сек буюу батлагдсан нөөцөөсөө багыг ашиглаж байна.

-Энэ зун бүх нутгаар хур бороо элбэг орлоо. Өмнөговьд зуншлага ямар байв?  

-Хур тунадас элбэг, сайхан жил болж байна. Говь нутаг тэр чигээрэээ ногоон хивс шиг л байна. Уурхай дахь цаг уурын станцыг байгуулснаас хойш энэ жил Оюу толгойд хамгийн их хур тунадас (180 мм) буусан. Уг нь жилийн дундаж хур тунадасны хэмжээ 80-100 мм байдаг. Сүүлийн хэдэн жилд ийм их бороо ороогүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: gogo.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.