Туслах цэс

Онцлох брэнд

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засагт жин дарна



Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засагт жин дарна
Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн  өсөлт өгөөжөө өгснийг тоон үзүүлэлтүүд илэрхийлж байна.

Эрдэс баялгийн салбарынхны ашиг орлого өсч, энэ хэрээр экспорт тэлж эдийн засагт жин дарсныг статистик үзүүлэлтээс харж болохоор байна.

Тодруулбал 2018 оны эхний хагас жилд экспорт өмнөх оны мөн үеэс 475,6 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 472,1 сая ам.доллараар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Улмаар уул уурхайн салбарын ашиг орлогын дийлэнхийг хар алт буюу нүүрс бүрдүүлж байгаа юм. Тухайлбал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс олборлолт 295.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар өсчээ.

Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлогч компаниудын үйлдвэрлэл, ашиг орлогын үзүүлэлт эл салбарыг хааш чиглэх вэ гэдгийг илэрхийлэгч гол  луужин юм. Тэгвэл түүхий эдийн зах зээлийн гол тоглогч болох зэсийн баяжмал өнгөрсөн оны дөрөвдүгээр сартай харьцуулбал  10.8 мянган тонноор, төмрийн хүдрийн баяжмал 133,2  мянган тонноор,  хайлуур жоншны баяжмал 7.6 мянган тонноор өссөн байна. Энэ мэтчилэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, ашиг орлого нь нэмэгдснээр 2018 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 694,8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж эдийн засагт хүч сэлбэжээ. 

Дээрх үзүүлэлтээс ирэх жилүүдийн түүхий эдийн зах зээлийн боломж, өнгө төрхийг тольдож болохоор байгаа юм. Түүнчлэн Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 3.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлсэн. Харин дотоодын шинжээчид болон эдийн засгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улсын эдийн засаг 2018 онд илүү эрчимжиж, олон улсын таамаглалыг давах хандлагатай байна. Ингэхдээ нийт эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхайн түүхий эд болох зэс, алт, нүүрсний үнэ өсөлттэй байгааг шинжээчид онцолсон. Мөн Азийн хөгжлийн банк 2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засагт өсөлт авчирсан нь 2018, 2019 онуудад үргэлжилнэ хэмээн мэдэгдээд байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюу Толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно гэдгийг тэд чухалчлав.
  Үүнтэй зэрэгцэн Засгийн газар уул уурхайн салбарын шинэ нөөц боломжийг эрэлхийлж хэд, хэдэн шийдвэрийг гаргасан нь нийгэмд “ногоон” гэрэл асаагаад байна. Тодруулбал Засгийн газраас Тавантолгойн орд газрыг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн барьж, УИХ баталсан нь нүүрсний үнэ өндөр цонх үеийг ашиглан мега төслүүдийг хөдөлгөх эхлэлийг тавьж буйгаараа онцлогтой.



Тавантолгойг тойрсон дэд бүтэц дээр түшиглэн баяжуулах үйлдвэрээ барьж, жилдээ нэмүү өртөг шингэсэн 30  сая тонн нүүрсийг олон улсын зах зээл дээр гаргах боломжийг эрэлхийлж байна. Улмаар олон жил ярьсан төмөр замын асуудлыг гацаанаас гаргахаар зэхлээ. Өөрөөр хэлбэл Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 420, Тавантолгой Гашуун сухайтын 259 км төмөр зам, хүчитгэсэн суурьтай Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын авто машин тээвэр хийх 260 орчим км авто зам, Тавантолгой- Оюутолгой Ханги мандалын чиглэлийн авто замаас эхлээд дагалдах төслүүдийг өрнүүлэх юм.

Тавантолгойн бүлэг орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа бол 1.9 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэсэн тооцоог 2011 онд гаргасан байдаг.

Тавантолгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орж ирэх төдийгүй экспортоос орох орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар өсөх эерэг тооцооллыг Сангийн яам гаргажээ. 
Уул уурхайн салбарын хувьд 180 хоногийн дотор IPO босгох бэлтгэл ажлыг хангаж 2018 оны төгсгөлд УИХ-д танилцуулах үүргийг салбарын яам болон Сангийн яам хүлээгээд байгаа. Тавантолгойн  IPO  олон улсын хөрөнгийн зах зээлээс 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн үнэ цэнэд оршиж байна хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдснээр  олон улсын зах зээлд IPO босгох тоолуур эхэлсэн гэж хэлж болно. Ийнхүү компанийн 30 хувийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах нь тодорхой болж Хонгконг, Нью-Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд ямар үнэлгээ өгөх вэ гэсэн хүлээлт нийгэмд үүслээ.  Эдүгэ төр Эрдэнэс-Тавантолгойн  78.9 хувийг эзэмшиж байгаа бол иргэд 21 486, аж ахуйн нэгж 0.05  хувийг эзэмшдэг байна. 30 хувийг арилжаанд оруулснаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нь  нээгдэнэ гэдгийг албаныхан онцолж байна.

Түүнчлэн Монгол Улс сард 40-50 сая ам.долларын газрын тос импортолдог бөгөөд жилд 600 орчим сая ам.долларыг гадагшаа урсгаж байна. Энэ хэрээр  валютын ханшид нөлөөлж хэлбэлзэл үүсгэхээс эхлээд  хомсдол, өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсдөг гээд олон зовлонг тоочсоор ирсэн ч монголчууд боловсруулах үйлдвэртэй болж чадаагүй. Тэгвэл энэ Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т орших Алтанширээ сумын нутаг дэвсгэрт Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай өрнөх аж.



Засгийн газрын тэргүүн газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тосны нөөц зэргийг харгалзан  Алтанширээ сумын нутагт барихаар шийдсэн. 150 га талбайд барьж буй тус үйлдвэрийн эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил бөгөөд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Ийнхүү олон жил дуншсан газрын тосны үйлдвэр байгуулах ажил гараанаас гарч,  барианд орох л үлдлээ. Сайншандад барих уг үйлдвэр жилд 1.2-1.5 сая тонн түүхий тос боловсруулж, хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизелийн, 34 мянган тонн онгоцны түлш, 151 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, нефтийн кокс үйлдвэрлэхээр зэхэж байна.
Ийнхүү сайн мэдээтэй зэрэгцэн дотоодын хүнд үйлдвэрлэлийн салбарт экспортын үйлдвэрийн тоо нэгээр нэмэгдлээ. Японы "Мegatech" корпораци Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрийг Дорноговийн Сайхандулаан суманд орших 400 жилийн нөөцтэй ордод түшиглэн байгуулав."Мegatech" корпораци боловсруулсан түүхий эдээ Япон, БНСУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх  бөгөөд тус үйлдвэр сард 200-400 тонныг баяжуулах хүчин чадалтай юм байна.

Энэ мэтчилэн уул уурхайн салбарт гэгээ татаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын биржид арилжаалах, улмаар Үндэсний баялгийн сангийн суурийг тавих, олон жил ярьсан төмөр замаа тавих гээд монголчуудад хийх ажил их байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: Улаанбаатар/МОНЦАМЭ/. Б.Заяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.